Өнгөрсөн долоон хоногт америкийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа алдартнуудын сенсацитай мэдээний нэг нь алдарт дуучин Уитни Хьюстоны охин Бобби Кристинагийн эрүүл мэндийн тухай юм.
Бобби Кристина Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй олдсон юм.
Харамсалтай нь алдарт дуучны охиныг аврах боломж байхгүй тухай эмч нар түүний гэр бүлийнхэнд мэдэгдсэн байна.
Түүнийг сэргээх найдлага үлдээгүй учир хэр удаан амьд байлгах сонголтыг гэр бүлийнхэнд нь үлдээсэн байна. Гэхдээ Кристинаг аппаратаас салгасан гэх мэдээг төрөл садан нь няцаажээ. Кристина урьдын адил Атланта хотын эмнэлэгт комын байдалд байгаа аж.
Гэхдээ Бобби Кристина Брауны биед нэлээд олон бэртэл гэмтэл байгааг олж тогтоосон байна.
Иймээс цагдаа нар Кристинагийн нөхөр Ник Гордоныг шалгаж, мөрдөн байцааж эхэлсэн талаар Америкийн хэвлэл мэдээллийнхэн мэдээллээ. Залуу хос хоорондоо хэрэлдэж маргасан байх гэж таамаглаж байна.
Кристина, Ник Гордон хоёрыг 2014 оны 1-р сард гэрлэсэн гэх мэдээлэл цацагдсан.
Харин Кристинагийн эцэг, алдартай хөгжимчин Бобби Браун “Миний охин Гордонтой албан ёсоор гэрлээгүй, тэд эхнэр нөхөр биш” хэмээн мэдэгдлээ.
Энд тодруулахад, Ник Гордон бол Уитни Хьюстоны өргөмөл хүү. Никийн эцэг шоронд орсны дараа Уитни Хьюстон 12 настай түүнийг албан бусаар үрчилж авсан юм. Уитни Хьюстоныг нас барснаас хойш хэдхэн хоноод Кристина, Ник хоёр хамт амьдарч эхэлжээ.