Говь-Алтай аймгийн Засаг дарга, аймгийн ардчилсан намын дарга О.Амгаланбаатар өөрийн албан тушаал, төрийн эрх мэдлээрээ далайлган сонгуулийн “шоу”-гаа эхэлжээ. Эхлэх эхлэхдээ бүр цэвэр усны хаяг шошго дээр өөрийн хөрөг, гарын үсгээ, албан тушаалаа хэвлээд гаргачихсан байх юм. Яг л мөнгөн дэвсгэрт дээр байдаг Чингис хаан, Сүхбаатар жанжины хөрөг шиг сүртэй хаяг шошготой ус үйлдвэрлэжээ.
Цэвэр усны хаяг шошгийг хараад байхад “Бидний Алтай” гэдэг хөтөлбөр боловсруулсан бололтойдог. Тэгээд “Ард түмнийг эрүүл аюулгүй ундны усаар хангахад итгэл зүтгэл гарган ажиллана” гэж том сурталчилгааны уриа лоозон бичсэн байх нь гайхмаар.
Хэдийгээр түүний ард түмнийг цэвэр ундны усаар хангах энэ хөтөлбөр нь сайшаалтай боловч түүнийгээ сурталчилах арга нь буруудсан гэмээр санагдаж байна. Одоо үед ундны усаа тусгай үйлдвэрт савласан савлагаатай усаар хангадаг айл хэд билээ. Ялангуяа говийн аймагт савалгаатай ус аваад малаа усалж, ундны болон гэр ахуйн хэрэгцээгээ хангах айл хэд билээ. Уг нь улсын томоохон албан тушаал хашиж байгаа энэ эрхэм ийм зүйлийг бусдаас илүү мэдэж баймаар. Нэгэнт л аймгийн удирдах албан тушаал хашиж, тухайн бүс нутгаа хөгжүүлнэ хэмээн ам тангараг өгчихөөд залуу хүн байж говийн хүү шигээ алсыг харж сэтгэхгүй өнгөцхөн сэтгэж байгаа нь харамсмаар.
Б.Нараа