Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.12/ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
УИХ-ын дарга З.Энхболд уулзалтад хүрэлцэн ирсэнд ахмадуудад талархал илэрхийлэн, удахгүй болох сар шинийн баярын мэнд дэвшүүлэв.
УИХ-ын Тамгын газрын ахмадын хорооны дарга Ш.Ринчин энэ жил УИХ-ын 25 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, өнөөдрийн уулзалтад оролцож буй ахмадууд УИХ-ын 25 жилийн түүхийг бүтээлцсэн эрхэм гавьяатайг онцлов. Ойг тэмдэглэх ажилд УИХ-ын Тамгын газрын ахмадын хороо идэвхитэй оролцож байгааг дуулгасан юм. Мөн ахмад настнуудаа байнга халамжилж байдагт УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагуудад талархал илэрхийлээ.
УИХ-ын Тамгын газар нь Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн, мөн Тамгын газарт ажиллаж байсан 61 ахмадтай ажээ.