Монголд, тэр дундаа МУБИС-д шатрын багш, дасгалжуулагчийн анги шинээр нээгдлээ. Энэхүү үйл ажиллагааны нээлт өнөөдөр МУБИС-ийн Б байранд боллоо. МУБИС-ийн захирал, доктор Д. Мөнхжаргал нээлтийн үеэр: “Оюуны спортын хатан хаан” гэж нэрлэгдэх шатрыг Монголд хөгжүүлж, дэлхийн шатрын аварга төрүүлэх зорилготой нээсэн” гэж ярьлаа. Шатрын багш, дасгалжуулагчийн анги нь: – шатар сонирхсон хэн бүхэнд нээлттэй -давхар мэргэжил эзэмших боломжтой. Нэг жилийн турш 1.650.000₮ суралцах боломжтойгоороо онцлог юм. Шинэ ангийн хичээл хавраас эхэлнэ. Шатрын багш дасгалжуулагчийн анги нээснээр жилд хэд хэдэн шатрын багш төгсөнө. Мөн тэднийг ажлын байраар хангахын тулд цаашид бүрэн дунд сургуульд шатрын хичээл оруулахаар төлөвлөөд байна. Өнөөдрийн байдлаар УБ хотоос 8, орон нутгаас 12 нийт 20 шатарчин эхний ээлжинд бүртгүүлээд байна. Мөн шатрын хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор Завхан аймаг 11.000 шатар үйлдвэрлэж, оюунлаг хүүхдүүдэд бэлэглэж “шатарчин аймаг” болжээ. Завхан аймгийн төлөөлөгч ярихдаа “Ямар ч мэргэжилтэй хүн бодож тооцоолох, анализ хийх, дүгнэх, тэвчээртэй байх чадварыг тоглоомын аргаар суралцах боломжтой” гэдгийг онцоллоо. Монголчууд жүдогоор дэлхийд тэргүүлдэг бол удахгүй шатраар тэргүүлэх боломж бий. Дэлхийн хэмжээний шилдэг шатарчдыг урьж ирүүлэхэд Төрөөс санхүүгийн тусламж үзүүлэх хэрэгтэй гэдгээ ч мөн илэрхийлсэн юм.
Л.Цэрэндолгор