Сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 03-07-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамны урилгаар ажлын айлчлал хийж байна.
Айлчлал Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улсын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалтыг хийж, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдалд дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох зорилготой. Мөн БНПУ-ын батлан хамгаалах салбарын удирдлагатай уулзалт хийн, хамтын ажиллагааны талаар санал солилцох, тус улсын батлан хамгаалах салбарын аж үйлдвэрүүд, цэргийн анги, салбаруудын үйл ажиллагаатай танилцан, хамтын ажиллагааны цаашдын чиг төлөвийг тогтоох, хамтран ажиллах үндсийг тавихад оршиж байгаа юм. Айлчлал Монгол Улс, БНПУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын хоёр дахь удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулснаар эхэлсэн. Уулзалтыг Монгол Улсын БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, БНПУ-ын ҮБХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Р.Купецки нар даргалан явууллаа. Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт нь манай УИХ-ын даргын БНПУ-д хийх албан ёсны айлчлалын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна.
Зөвлөлдөх уулзалтын үеэр талууд илэн далангүй, бодит, бүтээлчээр хандсан уур амьсгалд, олон улсын болон бүс нутгийнаюулгүй байдал, хоёр талын цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг харилцан сонирхсон асуудлаар санал солилцов. Талууд өнөө үед дэлхий дахинд аюулгүй байдалтай холбоотой нарийн төвөгтэй өөрчлөлтүүд гарч байгаа гэдгийг санал нэгтэй хүлээн зөвшөөрч, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө идэвхтэй хувь нэмэр оруулахыг хүсч байгааг харилцан илэрхийлсэн.
Мөн түүнчлэн талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын цэргийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, хоёр талын цэргийн хамтын ажиллагааны шинэ чиглэл, шинэ хэлбэрийг тасралтгүй эрэлхийлэх, цэргийн бүтээлч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг хүсч байгааг харилцан ярилцсан.
Энэ удаагийн зөвлөлдөх уулзалт бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн байдал болон цаашдын төлвийн талаар санал бодлоо солилцож харилцан хэрэгцээтэй мэдээллээ авч, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар шинэ санал, санаачлага дэвшүүлсэн хоёр талын хамтын ажиллагааг шинэ утга агуулга, хэлбэрээр баяжуулсан, улмаар хоёр талын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж хоёр тал дүгнэлээ.
Харин өнгөрсөн лхагва гаригт БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг БНПУ-ын Батлан хамгаалахын сайд Т.Симоньяк, БНПУ-ын ҮБХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга ноён Чеслав Мрозек,БНПУ-ын ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал А.Войтан нар хүлээн авч уулзсан. Тэд Монгол-Польш Улс нь өөрсдийн оршиж буй бүс нутгийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалах, нэгдмэл сонирхолоо хоёр улсын батлан хамгаалах харилцаагаар илэрхийлж байгааг онцлоод хоёр талын хамтын ажиллагааны цаашдын төлөв, түүний дотор цэргийн боловсролын сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, зэвсэглэл, техникийн шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломж, одоо хүрээд буй төвшинг ахиулан хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.
Мөн өдөр хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй төлөөлөгчид БНПУ-ын Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэлд зочлон, нэгдлийн үйл ажилллагаа, үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, хоёр улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлүүдийн хооронд хамтын ажиллагаа тогтоох, хамтын ажиллагааны чиглэлийг тогтоох талаар ярилцлаа.
Айлчлал БНПУ-ын Зэвсэгт хүчний Артиллерийн сургалтын төв, батлан хамгаалах аж үйлдвэрийн зарим компаниудын үйл ажиллагаатай танилцахаар үргэлжилж байна.