Нэг сая гаруй хүн амтай нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд төрөх гурван эмнэлэг бий. Дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилга царцаж, нам зогссон байсан. Тус эмнэлгийг ашиглалтанд оруулах зорилгоор “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хандивын тоглолтыг зохион байгуулахаар болсон байна. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн хоёрдугаар төрөх эмнэлгийн мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн их эмч О.Энхмаа “Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-ыг байгуулж “Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хэмээн хүмүүнлэгийн аяныг санаачилан хэрэгжүүлж эхэлжээ. Нийслэлийн дөрөвдүгээр төрөх эмнэлгийн царцаагдсан барилгыг ойрын хугацаанд ашиглалтанд оруулах нь тус хүмүүнлэгийн аяны гол зорилго юм. Иймээс 3-р сарын 27-ны 19 цагт “Улаанбаатар Палас”-ын концертын их танхимд рок попын оддын хандивын тоглолтыг зохион байгуулахаар болжээ.
Энэ талаар аяныг зохион байгуулагч, их эмч О.Энхмаатай цөөн хором ярилцлаа.
-“Эх үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аяныг яагаад санаачлах болсон бэ?
-Монгол Улсын хүн ам гурван саяд хүрлээ. Зөвхөн нийслэлд нэг сая 300 мянган хүн амьдардаг атал улсын дөрөвхөн төрөх эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эмнэлгүүд нь ачаалаа дийлэхгүй байна. Нэг орон дээр хоёроос гурван эх дээш доошоогоо зөрөөд хэвтэнэ. Зарим нь бүр коридорт гудас дэвсээд хэвтэх эс бөгөөс өрөө сулартал тарианы өрөөнд хүлээх жишээтэй. Амаржсан эх эмнэлэгт гурваас тав хонох ёстой байтал ачаалал ихтэйн улмаас нэгээс хоёр хонуулаад аргагүйн эрхэнд гаргадаг. Энэ нь эх, нярайн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Зарим төрөх эмнэлгүүдийн барилга эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна. Жишээ нь манай хоёрдугаар амаржих газрын барилга аль хэдийн ашиглалтын хугацаа дууссан. Булан тохой нь мөөгөнцөж, хөгцөрсөн байдалтай байна. Тийм учраас баригдаж байгаад хөрөнгө оруулалтгүйн улмаас царцсан барилгыг дуусгаж, ашиглалтанд оруулах зорилгоор энэ аяныг санаачилсан.
-Аяны хүрээнд эхний ээлжинд хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна. Ямар ямар уран бүтээлчид оролцох вэ?
-Тоглолтонд МУГЖ, зууны манлай дуучин Б.Сарантуяа, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, дуучин СТА Т.Дэлгэрмөрөн, BX, Бичүү, залуу уран бүтээлч А.Хишигдалай, Улсын филармоний гоцлол дуучин Л.Насанбуян, Амина, Баярцэнгэл, Отгончимэг нараас гадна Хар сарнай, Мотив, Гурван бүдүүн, Увертура, Bit зэрэг хамтлаг, дуучид оролцоно.
-Энэ аяныг эхчүүд, эмэгтэйчүүд их дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэж байгаа байх. Санхүүгийн тусламж үзүүлж буй албан байгууллага болон хувь хүмүүс байна уу?
-“Mongolian national news” телевизийн улс төрийн албаны дарга н.Чинзориг, “Мишээл экспо” группын менежер н.Азжаргал нар хамтарч ажиллахаа амласан. Мөн “УБ палас”-т нэг удаагийн тоглолт зохион байгуулахад зургаан сая төгрөг байдаг. Учир байдлаа тайлбарлаж хэлэхэд хоёр сая төгрөгөөр хямдруулж өгсөн. Аяныг маань энэ мэтчилэн дэмжиж хамтарч ажиллах хүсэлтэй хүмүүс байгаад талархаж буйгаа танай сайтаар дамжуулж хэлмээр байна. Монголын үр сад эрүүл саруул, эсэн мэнд төрөхөд та бүхний дэмжлэг үнэхээр чухал шүү.
Л.Цэрэндолгор