Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан хувьдаа бусдын мөнгийг хэрхэн ашиглаж байсан талаар бид 091(1679) дугаартаа мэдээлсэн. Тэгвэл орон нутагт олон жил нэг хүн санхүүгийн албыг хашсанаас энэ мэт зөрчил гарчээ.
Олон удаа албан тушаалын хэргээр шалгагдаж байсан ч мултарч чаддаг гэнэ
Хатуухан хэлэхэд өөрийгөө тус аймгийн Шийдвэр гүйцэтгэлийн албаны тэргүүн хатагтай гэдэг ахлах нягтлан бодогч, ахмад Б.Улам-Оргил гэгч эмэгтэй “Алтан загас”-ны эмгэн мэт аашлах болсноор хүмүүсийн тэвчээрийг барж түүний булхайтай үйлдэл нь ийнхүү олон нийтэд ил болж байгаа юм.
Тухайлбал мань эмэгтэй хэрэг хийсэн ч яаж ийгээд мултраад гарчихдаг сүйхээтэй нэгэн. Тус байгууллагад 10 жил ажиллахдаа зургаан даргын нүүр үзсэн Б.Улам-Оргил хэрэг хийсэн ч өөрөө сугарч үлдээд дарга нар нь суудлаа өгдөг дэг жаягийг тогтоосон айхтар сэргэлэн эмэгтэй гэж мэдэх хүмүүс нь хэлдэг.
Тодруулбал Б.Улам-Оргил болон ахлах шийдвэр гүйцэтгэгч А.Цэнд-Аюуш, тухайн үед тус газрын дарга байсан Г.Дашцэдэн нар 2004 онд албан тушаалын хэрэгт орооцолдон Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан цагдан хорих арга хэмжээнд орж шалгагдаж байсан юм билээ.
Ингэхдээ уг хэрэг нэлээд сунжирсаны эцэст шүүхийн шатанд тодорхой шалтгаангүйгээр хэрэгсэхгүй болгож байсан түүхтэй аж. Хэрэг хэрэгсэхгүй болсны дараагаар албаны дарга байсан Г.Дашцэдэнг тэтгэвэрт нь гаргаж ахлах шийдвэр гүйцэтгэгч А.Цэнд-Аюушийг тушаал буулгаж Б.Улам-Оргилыг албан тушаалд нь үлдээх шийдвэрийг ШШГЕГ-аас гаргажээ. Энэ нь Б.Улам-Оргил хэргээс яаж мултардагийг харуулж байгаа хоёр дахь жишээ.
Бид өмнөх дугаартаа 2007 онд албаны дарга байсан хошууч Д.Батсүхийн гарын үсэгтэй төлбөрийн даалгаварыг ашиглаж бусдад мөнгө олгож байсан тухай дурдсан.
Тухайн үед мөн л Б.Улам-Оргилд эрүүгийн хэрэг үүсгэж хоёр жил гаруйн хугацаанд шалгаж байсан боловч сүүлдээ 2008 оны өршөөлийн тухай хуульд хамрагдснаар хэргийг хэрэгсэхгүй болгож Д.Батсүхийг тушаал бууруулж байжээ.
Харин тушаал буурсан албаны дарга одоо Говьсүмбэр аймгийн ШГА-нд аж ахуйн даргаар ажиллаж байгаа юм билээ. Хамгийн харамсалтай нь дөнгөж сургуулиа төгсөж ирсэн залуус тус аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд томилогддог ч тэдгээр залуус удаан тогтдоггүй аж.
Тухайлбал шинэхэн шийдвэр гүйцэтгэгч гэх эрхэм хүндтэй цолыг авсан залуусын төлөөлөл болох Н.Баярсайхан, Д.Энхбаяр, Я.Отгонжаргал гэх залуус Б.Улам-Оргилын шахалт дарамтаас болж ажлаа өгөхөөс өөр аргагүйд хүрч тус газраас явж байсан гэдгийг олон хүн гэрчилнэ.
Ингээд бодохоор залуус албаны даргадаа биш зөвхөн Б.Улам-Оргилд таалагдахын тулд түүнд тохируулж ажлаа хийх хэрэгтэй байжээ гэж ойлгож болно.
Ахмад цолыг нь хураасан ч гурван сарын дараа буцаагаад авчээ
Түүний зөвхөн олонд ил болсон ганц хэргийг нь өнгөрсөн онд ШШГЕГ-ын даргын тушаалын дагуу Сэлэнгэ аймагт хийсэн шалгалтын багийнхан илрүүлсэн.
Тухайлбал ШШГЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн ахлах байцаагч, хошууч Б.Байгалиар удирдуулсан баг тав хоногийн дотор уг албаны бүх санхүүгийн баримтыг шалгаж байхдаа Б.Улам-Оргилтой холбоотой хэргийг илрүүлсэн байдаг.
Төлбөр төлөгчийн мөнгөний хүүг бусдын нэр дээр виза карт нээн хувьдаа ашиглаж байсныг нь хөдөлшгүй баримтаар тогтоожээ.
Энэ хэргийг Хяналт шалгалтынхан Ерөнхий газар руугаа мэдэгдснээр тус газрын ШГГ-ын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Нарангаар ахлуулсан баг дахин ирж дээрх хэрэг дээр шалгалт хийж Б.Улам-Оргилтой холбоотой хэргийг ШШГЕГ-ын даргын зөвлөлд танилцуулсан байдаг. Ингээд ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан М.Ганхүү шийдвэр гаргаж Б.Улам-Оргилын ахмад цолыг нь бууруулж, мөн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Алтанцэцгийг ажлаас халах арга хэмжээ авчээ.
Харин Д.Алтанцэцэг бусдын өмнөөс хариуцлага хүлээж албан тушаалаасаа халагдсан учраас нэг сарын дараа ажилдаа эргэн орж байсан юм билээ. Хамгийн асуудалтай нь эл хэргийг олон нийтэд ил болгохгүйн тулд байгууллага дотроо арга хэмжээ авч алдааг нь засч залруулахаар болсон гэж байгаа нь үнэхээр гайхалтай. Цол бууруулах арга хэмжээ авагдсан Б.Улам-Оргил М.Ганхүү даргыг ажлаа өгснийх нь дараа тун удалгүй ахмад цолоо эргүүлэн авсан байна. Түүний уснаас хуурай гарч чаддагийн нэгэн жишээ энэ.
Төлбөр төлөгчийн 63.593.443.68 төгрөгийн хүүг албаны дарга асан дэд хурандаа Б.Баясгалантай хамт завшжээ
Өмнөх дугаартаа бид дээрх хүмүүсийн тухай дурдаж байсан. Одоо харин тэдний тухай цухас мэдээлэхэд дээрх дансны мөнгийг хэрхэн ашиглах талаар Ерөнхий газраас нь ямар нэгэн удирдамж заавар өгөөгүйг ашиглан Б.Улам-Оргил албаны дарга байсан дэд хурандаа Б.Баясгалантай хамт дээр дурдсан данснаас ашиглаж байжээ. Ингэхдээ мань хоёр хийсэн хэрэг нь илрэнгүүт цагдан хорих байрны барилгын санхүүжилтийн ажилд хэрэглэсэн гэж данс руу нь хүүний мөнгийг шилжүүлсэн байдаг. Уг нь Улсын төсвөөс барилга барихад зориулж 501 сая төгрөгийг баталж өгчээ. Үүний дараагаар дэд хурандаа Б.Баясгалан ажлаа өгч, албан тушаалаасаа огцорсон гэнэ. Олон даргын нүүр үзсэн Б.Улам-Оргил эрх мэдлээ ашиглан бусдын эд зүйл ашиглаж, хуурамч төлбөрийн баримтаар нэг биш удаа гүйлгээ хийж хуулийн байгууллагад шалгагдаж байсан гэдгийг шинээр томилогдсон ШШГЕГ-ын удирдлагууд мэддэг баймаар. Хэрвээ алба хаагчид Б.Улам-Оргилын талаар шүүмжлэл хэлбэл ад үзэгдэж байх жишээтэй. Тиймээс л алба хаагчид нь даргаасаа асууж зүрхэлдэггүйд хамаг учир оршино.
Удаа дараа санхүүгийн зөрчил гаргасан тэрбээр санхүүгийн тэргүүний ажилтан болжээ
Санхүүгийн тэргүүний ажилтан гэдэг цолыг хэр баргийн санхүүч хүртчихдэггүй тухай мэргэжлийнхэн ярьдаг. Тэгвэл Б.Улам-Оргилд энэхүү нэр хүндтэй шагналыг тус аймгийн Санхүүгийн хэлтсээс олгосон байна. Санхүүч мэргэжлээр 10 гаруй жил ажилласан Б.Улам-Оргил Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийнхаа 79 дүгээр зүйлийг мэддэггүй хүн яаж тэргүүний ажилтан болсон нь бас л сонирхолтой. Б.Улам-Оргил ашиг сонирхлын хуулийг нэлээд олон удаа зөрчсөн байна. Тодруулбал түүний удирдлаганд хоёр нягтлан байдаг ч өөрөө бараа материалд удаа дараа явж байжээ.
Холбогдох албаныхан Сэлэнгэ аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд санхүүгийн томоохон шалгалт хийвэл олон ноцтой үйлдэл илрэх нь дамжиггүй. Б.Улам-Оргилын энэ хууль бус үйлдлийг зогсоох эрх нь ШШГЕГ-ын удирдлагуудад байгаа ч дургуйд хүчгүй гэгчээр түүнийг улам давруулж байгааг гайхалтай гэхээс өөр юу гэх билээ.
Үргэлжлэл бий…