Т.Билгүүний аминд хүрсэн жолооч төлбөр өгөөд ялаас мултрах боломжтой

Оны өмнөхөн хошин урлагийн “Шинэ үе” продакшны авьяаслаг жүжигчин Т.Билгүүн авто машины ослоор зуурдаар хорвоог орхиж, монгол түмнийг харуусалд унагасан. Түүний хувьд хамтлагийнхантайгаа, мөн хошин урлагийн нэр бүхий продакшнуудтай хамт Хөх хотын “Одон” телевизийн урилгаар тоглолт хийхээр явж байгаад ийн харамсалтайгаар амиа алдсан юм.

Улмаар зам тээврийн осол гаргаж хүний аминд хүрсэн гэх жолоочийг цагдан хорьж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Өвөрмонгол жолоочийн хувьд 15 жилийн ял авах төлөвлөгөөтэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан юм. Тэгвэл хэргийн шалгалтын ажиллагаа, мөрдөн байцаалтын талаар Эрээн хот дахь Монголын консулын газрын эх сурвалжаас тодруулахад “Уг ослын нөхөн төлбөрийг барагдуулаад явж байна.  Хөх хотын “Одон” телевиз урьсан болохоор тэдний зүгээс төлбөрийг барагдуулах ажил дээр анхаарч байгаа. Хятадын зам тээврийн ослын хуулийн заалт их сонин. Төлбөрөө хэрхэн барагдуулсанаас хамаарч ялын хэмжээ өөрчлөгддөг. Төлбөрөө бүрэн барагдуулаад дуусвал уг этгээд  хэдхэн сар хоригдоод ч гарах боломжтой” гэв.

Дашрамд хэлэхэд, монголын иргэн  Эрээн хотод зам тээврийн осол гаргасан байна. Мөргүүлсэн хүний хувьд амиа алдсан бөгөөд Хятадын хуулинд зам тээврийн осол гаргагчид олон жилийн ял өгч, шууд хорьчихдог заалт байхгүй учир уг монгол залуу 6 сарын хугацаанд баривчлагдаад суллагджээ. Хамгийн гол нь Хятадад зам тээврийн осол гаргагчаас их хэмжээний нөхөн төлбөр шаарддаг байна.

 Уг иргэний хувьд нөхөн төлбөрийнхээ ихэнхийг төлсөн учир, төлбөр төлсөн байдлаасаа шалтгаалж 6 сар баривчлагдаад суллагдсан талаар Хятад дахь Монголын консулаас мэдэгдэв.

Тэгэхээр талийгаач Т.Билгүүний аминд хүрсэн жолооч төлбөрөө бүрэн барагдуулж чадвал ялаас мултрах боломжтой хуулийн заалт Хятадад үйлчилдэг байна

Хятадын зүгээс зам тээврийн ослыг санаатайд тооцдоггүй учир хүлээлгэх хариуцлага хөнгөн байдгийг эх сурвалж онцоллоо.

Ам дамжсан яриагаар Хятадад зам тээврийн осол гаргаж хүнийг бэртээсэн бол бүх насаар нь тэтгэх, харин хүний аминд хүрсэн бол тодорхой хэмжээний төлбөр төлөөд  гаргасан зөрчил, хэр хэмжээний буруутайгаасаа хамаараад ялын хэмжээ харилцан адилгүй байдаг байна. Өөрөөр хэлбэл, шууд л хүний аминд хүрсэн хэмээн олон жилийн ял өгч, хорьж цагдахыг илүүд үздэггүй гэнэ.
Хятал улсад өнгөрсөн 2012 онд зөвхөн зам тээврийн ослын улмаас 60 мянган хүн амь насаа алдсан гэх тоо баримт байгаа бол 2011 онд зам тээврийн осол хоёр сая гаруй гарч, 62000 хүн амь насаа алдсан гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: www.24tsag.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …