Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганд өнөөдөр /2015.04.06/ 67 гишүүн ирж, 88.2 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээн хэлсэн үгэндээ, 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа дуусахад 1 жилийн хугацаа үлдлээ гээд, өнгөрсөн хугацаанд бид улс орны хөгжлийн бодлогын олон чухал асуудлуудыг шийдвэрлэсэн хэдий ч зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх багагүй асуудал хүлээгдэж байна хэмээн онцолсон.
Мөн тэрбээр, “Энэ удаагийн хаврын чуулганаар хуульд заасны дагуу Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтболон Монгол Улсын Засгийн газрын 2014 оны санхүүгийн нэгдсэн тайлан,“Монгол Улсын 2014 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай”, “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай”, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батална” гэж хэлсэн үгэндээ дурдлаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд сүүлийн үед төрийн албан хаагчдыг хоморголон халж байгаад Улсын Их Хуралд олон арван гомдол санал ирж байгаад сэтгэл эмзэглэж байгаагаа илэрхийлээд Төрийн албаны зөвлөл энэ асуудалд анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож буйгаа ч дуулгасан.
Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийн төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2015 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгийг www.parliament.mn, open.parliament.mn цахим хуудсанд бүрэн эхээр нь нийтэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.