Өнгөрсөн хавар үзэгчдийг хөгжөөж, үдэш бүр зурагтын өмнө уяж чадсан бүтээлүүдийн нэг бол “Гурван найз” цуврал кино. Үзэгчдийн хүлээлт, хүсэлтийн дагуу тус киног бүтээсэн “Эмоци” продакшн “Кистоун” филмьстэй хамтран цуврал киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болоод байгаа юм.
Инээдмийн төрлийн энэ киноны гурван найзын дүрийг “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр болон жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ. Мөн цуврал киноны жүжигчид болох Г.Нарансолонго, Ш.Алтанцэцэг, Л.Дэмидбаатар, Б.Баярмаа, Б.Ариунцэцэг нарын жүжигчдээс гадна “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “Икс Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Батаа, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр буюу Ганбаа, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ.
Ингээд “Гурван найз: Яасан байх нь уу?” киноны зураг авалтын ард болсон ярианаас хүргэж байна.
Жүжигчин Ш.Алтанцэцэг буюу Ааяа зохиолд дурдагдаагүй олон удаа Түвшинтөр буюу Төтөг алгадаж байжээ. “Гурван найз” цуврал кинонд эгч, дүү хоёрын дүрд тоглосон жүжигчин Ш.Алтанцэцэг, Д.Түвшинтөр нар энэ удаагийн бүрэн хэмжээний уран сайхны кинонд ч мөн өмнөх дүрээ дахин бүтээжээ.
Бүтэлгүй, сахилгагүй Санчир үргэлж л эгчийнхээ санааг зовоож, чихийг халууцуулж байдаг билээ. Иймээс ч эгч нь дүүгээ алгадах тохиолдол олон гардаг байна. Харин жүжигчин Ааяа заримдаа зохиолд дурдаагүй байхад алгадах тохиолдол байсан гэж Санчирын дүрд тоглосон жүжигчин Төтө ярьсан байна.
Жүжигчин Түвшинтөр “Гурван найз: Яасан байх нь уу?” кинонд хамтран тоглосон жүжигчдээс Г.Нарансолонго жүжигчинтэй хамгийн олон удаа хамтран ажиллаж байжээ. Учир нь тэд их сургуулийн нэг ангийн найзууд.
Жүжигчин Д.Түвшинтөр, Г.Нарансолонго хоёр 1997 онд СУИС-д нэг ангид орсноос хойш 4 жил хамтдаа сурсан бөгөөд мөн дуучин, хөтлөгч Ч.Ундрал, Т.Өөдөө, жүжигчин С.Баттулга нартай нэг ангийнхан юм.
“Гурван найз” цуврал киноны согтуу бүсгүйн дүрийг олон үзэгчид сайн санаж байгаа байх. Архи ууж, айл андуурч орж ирчихээд, агсам тавьдаг бүсгүй цуврал киноны нэгэн хөгжилтэй дүрүүдийн нэг байсан. Тэгвэл энэ дүрийг бүтээсэн жүжигчин Ц.Нямжав “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны кинонд дахин архи уусан бүсгүйн дүр бүтээсэн байна.
“Утсаа мааждаг” Г.Эзэнмөнх. Жүжигчин Г.Эзэнмөнх “Гурван найз” цуврал кинонд рестораны бартендер Даваа гэгч үсээ голоороо хуваасан нэгэн залуугийн дүрийг бүтээсэн билээ. Тэгвэл бүрэн хэмжээний уран сайхны кинонд ч тэрээр мөн дүрээ дахин бүтээжээ. Даваагийн дүр үргэлж л утсаа оролдож байдаг учраас “утсаа мааждаг” гэсэн хоч авсан байна.
“Гурван найз: Яасан байх нь уу?” киноны жүжигчдээс хамгийн инээд муутай, инээдээ барихдаа муу нь жүжигчин Ааяа байсан гэж түүний дүү Санчирын дүрд тоглосон Д.Түвшинтөр болон Сарнайн дүрд тоглосон Г.Нарансолонго нар санал нэгдсэн байна.
Цуврал кинонд хайр дурлал, ажил амьдралын олон адармаатай асуудалтай тулгарч байсан Төгөлдөр, Санчир, Цэрэндалай гурав энэ удаад аль хэдийн тогтсон амьдралтай болсон байх болно. Хар багаасаа найзалж ирсэн тэд нөхөрлөлийнхөө ойг нижгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад 22 жилийнхээ ойгоор ямар адал явдлуудтай учрахыг энэ сарын 22-оос Тэнгис, Өргөө, Соёмбо болон Хүннү Синемагийн дэлгэцнээ үзээрэй.