Хүний бие организм гэгч 200 гаруй төрлийн өөр өөр бүтэц, зохион байгуулалт, үүрэгтэй эсүүдээс бүтдэг бөгөөд эдгээр эсүүд доголдолгүй үүргээ гүйцэтгэхэд тэр хэмжээгээр өөр өөр бодис тэжээл шаардагдана.
Тийм ч учраас бид хоолондоо үндсэн энергийн гол эх үүсвэр уураг, өөх тос, нүүрс уснаас гадна олон төрлийн витамин, минерал, бас бус зүйлсийг хэрэглэх шаардлагатай болж байгаа юм л даа. Яг ном ёсоороо бол бид өдөрт хоол хүнснээс авах илчлэгийн 50% ийг нүүрс уснаас, 20% ийг уурагнаас, 30% ийг өөх тосноос авч байвал зөв гэж үздэг.
Өөх тос хүний биед зайлшгүй хэрэгтэй, илчлэг ихтэй учир энергийн том эх үүсвэр, түүнээс гадна эсийн мембран бүрхүүлийн бүтцэнд ордог, байхгүй байлгаж болдоггүй эд юм. Өөх тосыг тосны ханасан ба ханаагүй хүчил гэж хоёр хуваадаг. Ханасан хүчилд амьтны гаралтай царцаж хатуурдаг өөх тос багтана. Хүмүүсийг ийм тос бага идэж бай гээд байгаа, яагаад гэвэл ийм тос холестрин ихээр агуулахаас гадна хүний биед холестрины нийлэгжлийг идэвхжүүлдэг. Холестрины хувьд судас бөглөж, даралт ихэсгэдэг дайсан гэдгийг хүмүүс сайн мэдэж байгаа.
Гэхдээ холестрины цусан дах хэмжээ, цусны даралт хоёр шууд хамааралтай бас биш юм. Энэ хамаарал холестриныг судас уруу тээвэрлэдэг LDL (low density lipoprotein) бас цуснаас элэг уруу зөөвөрлөх HDL (high-density lipoprotein) хоёрын харьцаагаар тодорхойлогдоно. Удмаараа өндөр насалдаг (энд нас өндөр ч ухаан санаа соргог, эрүүл чийрэг хүмүүсийн талаар хийсэн судалгаа) хүмүүс болоод тэдний үр хүүхдүүдийн цусан дахь HDL ийн хэмжээ харьцангуй өндөр байдгийг манай сургуулийн нэгэн профессор судалж тогтоосон юм. Харин тийм удам байхгүй жирийн хүмүүс бид амьдарлынхаа хэв маягт бага зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэй байгаа юм. Үүнд:
1. Амьтны гаралтай өөх тосны хэрэглээг багасгаж түүний оронд ургамлын гаралтай тос түлхүү хэрэглэх
2. Хөдөлгөөнтэй, идэвхтэй байх
3. Тамхинаас татгалзах (тамхи татахад HDL хэмжээ багасдаг нь тогтоогдсон)
4. Omega-3 ангилалд багтах тосны хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэх (загас, далайн хясаа, маалингын үрний тос, canola oil)
Энд маргарины тухай хэдэн үг бас нэмж хэлмээр байна. Маргарин бол химийн аргаар хатууруулсан ургамлын тос бөгөөд саяханаас хүний эрүүл мэндэд жирийн амьтны гаралтай тосноосоо илүү хор хөнөөлтэй нь тогтоогдсон. Нью-Йорк хотын мэр Майкл Блүүмбэрг ресторанд ийм тос хэрэглэхийг хориглоод хагас жилийн нүүр үзэж байгаа юм. Алив тос худалдаж авахдаа hydrogenated plant oil, transfat зэргийг агуулсан эсэхийг шалгаж байгаарай.
Хөдөөнийхөн дандаа л мах, сүү идэж уудаг тэгээд өвдөж хавдаад байдаггүй гэж маргах хүмүүстэй бас таарч байсан юм. Хөдөө мал малладаг хүмүүс өглөөнөөс орой хүртэл борви бохис хийхгүй хөдөлж байдаг нь тэдэнд арай ахиу өөх, тос идэх боломж гаргаж өгч байгаа юм л даа. Харин хотод ширээний ард суудаг бидэн шиг хүмүүс хөдөөний малчин эсвэл биеийн хүчний хөдөлмөр эрхэлдэг хүмүүстэй барьцаж болохгүй нь ээ. Тэгээд ч ажиглахад хөдөө мал дээр байгаа хүмүүс илүүдэл жинтэй байх нь ховор шүү дээ. Гэдсээрээ таргалах нь олдмол чихрийн шижин тусах эрсдэлийг хэд дахин нэмдэг нь бас судалгаагаар тогтоогдсон юм шүү.
Эх сурвалж: www.bgemn.ub.gov.mn