Хэрэв та жолооч бол автомашиныхаа дугуйг анхаарлынхаа гадна орхиж хэрхэвч болохгүй. Гэхдээ энэ бол маш энгийн зүйл, та зөвхөн дугуйны төрөл болон дугуйн доторх агаарын хэмжээнд л анхаарлаа хандуулахад хангалттай. Таны машины ачааллыг дугуй чинь биш харин дугуйн доторх агаар өргөж явдаг гэдгийн хамгийн түрүүнд ойлгох хэрэгтэй.
Дугуйтай холбоотой бүхий л шаардлагатай мэдээлэл (үйлдвэрлэгч, хэмжээ, даац, хурд, температур гм) тухайн дугуйны хажуу бөөрөн дээр бичигдсэн байдаг.
225/50R/16 гэсэн хэмжээтэй дугуйн дээр жишээ авч тайлбарлая.
Төрөл:
Ихэнхи дугуйны хэмжээ нь ямарваа нэгэн үсгээр эхэлсэн байдаг ба тэр нь тухайн дугуйны зориулалт төрлийг илэрхийлж байдаг.
P225/50R/16 Хэрэв “P” үсгээр эхэлсэн байвал энэ нь “Passenger” буюу энгийн суудлын автомашинд зориулсан дугуй юм.
225/50R/16 – Ямарваа нэгэн үсэггүй шууд тоогоор эхэлсэн байвал энэ нь “P” үсэгтэй адил утга илэрхийлэх ба ихэвчилэн европын орнуудад ингэж үсэггүй хэрэглэгддэг.
T125/90D/16 – Ийм тэмдэглэгээ зөвхөн түр хэрэглэх зориулалттай запас дугуйнд хэрэглэгддэг ба “T” үсэг нь “Temporary spare” гэсэн утга илэрхийлдэг.
LT225/50R/16 – Хэрэв “LT” гэсэн үсгээр эхэлсэн байвал энэ нь “Light Truck” буюу хөнгөн даацын ачааны машинд зориулсан дугуй юм. Ийм дугуй нь “P” дугуйг бодвол даац сайтай учраас Jeep машинд тавихад харьцангуй тохиромжтой байдаг.
Хэмжээ:
P225/50R/16 – “225” гэсэн тоо нь тухайн дугуйны өргөнийг илэрхийлдэг. Энэ дугуйны гадна хананаас дотор хана хүртэл хамгийн өргөн зай нь 225 mm гэсэн үг юм.
“50” – гэсэн тоо нь тухайн дугуйны хананы өндөрийг хувиар илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйны обуднаас хээ хүртэлх хэмжээ нь өргөнийхөө 50 хувьтай тэнцүү гэсэн үг юм. (225mm * 50% = 112.5mm)
“R” – гэсэн үсэг тухайн дугуйны хийгдсэн материалыг илэрхийлдэг. “R” үсэгтэй дугуй нь “Radial” гэж нэрлэгддэг ба дугуйн дотор талыг нарын төмөр утсаар цацраг хэлбэртэй бүрж хийсэн байдаг. Ийм дугуй одоогийн зах зээлийн 80 хувийг эзэлж байгаа гэсэн судалгаа байдаг.
Хэрэв энэ үсгийн оронд “D” үсэг, эсвэл үсэг байхгүй байвал тухайн дугуй нь диагнолдаж, хэрээсэлсэн утсан бүтэцтэй байдаг. “Diagonal” гэсэн утга илэрхийлдэг ба ихэвчлэн BIAS дугуй гэж нэрлэгддэг.
P225/50R/16 – “16” гэдэг тоо нь тухайн дугуйний дотор ирмэгийн диаметерийг инчээр илэрхийлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн дугуйнд таарах обудны хэмжээг илэрхийлж байгаа юм. 1 инч нь 25.4 мм тэй тэнцүү байдаг. Michelin гэх мэт зарим брэндийн дугуйн дээр энэ хэмжээг мм ээр тавьж өгсөн байдаг. Жишээ нь 225/50R/406 гэх мэт.
Дугуйг хийлэх
Дугуйны хийг зөв тохируулах гэдэг нь маш чухал зүйл бөгөөд, хэрэв буруу хийлсэн тохиолдолд таны амь насанд ч аюул учруулж болохоор эрсдэлийг дагуулж байдаг. Бараг бүх автомашин үйлдвэрлэгчээсээ дугуйг ямар хэмжээгээр хийлбэл тохиромжтой талаар мэдээлэл оруулж өгсөн байдаг. Энэ мэдээлэл ихэвчлэн машины хаалганы дотор талд байрласан байгаа. Тиймээс энэ зааврын дагуу дугуйныхаа хийн даралтыг тохируулах нь хамгийн зүйтэй гэж зөвлөх байна.
Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс сул хийлбэл:
Тухайн дугуйны газартай харьцах талбай томрох ба энэ нь дугуйг маш хурдан элэгдэж дуусах шалтгаан болдог. 6 psi-аар бага хийлхэд дугуй стандарт хугацаанаасаа 25 хувь хурдтай элэгдэнэ гэсэн тооцоо байдаг. Мөн бага хийлэх нь дугуйны дотоод температурыг нэмэгдүүлэх үндсэн шалтгаан болдог ба энэ нь дугуйг буудах, хагархад хүргэх аюултай. Сул хийлсэн дугуй эргэхдээ их хүч зарцуулах ба түлшний зарцуулалтанд ч шууд нөлөөлдөг байна.
Хэрэв дугуйг зөвлөсөн хэмжээнээс их хийлбэл:
Тухайн дугуйны газартай харьцах талбай, мөн уяан хатан чанар нь багсах ба бага зэрэг нүх дайрахад ч гэсэн амархан хагарж гэмтэх шалтгаан болдог.