Дэлхий нийтээр иогоор хичээллэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Тэр тусдаа бие давхар эхчүүд иогоор хичээллэх нь ихэсчээ. Мэдээж иогоор хичээллэх нь маш олон сайн давуу талтай байдаг учраас бие давхар бүсгүйчүүд маань энэ дасгалыг сонгосон биз ээ. Иог бол эрүүл мэнд, биеийн жин, гоо сайхан зэргийг төгс хангахад зориулагдсан дасгал. Түүнээс гадна сэтгэл санааг ч засаж, стресснээс ангижруулах ид шидтэй. Зориулалтын багш, сургалтын төвөөс гадна гэрийн нөхцөлд хичээллэж болдог гэдгээрээ зардал бага ч үр дүн сайтай юм. Гэхдээ хүний биеэс ихээхэн хэмжээний энерги шаардаж, цаг гаргах шаардлагатай байдаг. Иогийн дасгалыг өглөөний цагаар хийхэд хамгийн үр дүнтэй. Ажил хичээлдээ явахаасаа өмнө өөртөө дасгал хийх цаг гаргаарай. Энэ нь дасгалыг үр дүнтэй болгохоос гадна, өдөржингөө цоглог байж, биеийг чинь гэнэтийн гэмтэл согогоос хамгаалдаг. Учир нь иогоор хичээллэсэн хүн уян хатан болж, хөдөлгөөний идэвх, сонор сэрэмж сайжирдаг.