Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн яг ингэж хэлээгүй ч нөхцөл байдал ийм хэмжээнд хүрсэн тухай түгшүүрт мэдээг хэвлэлийнхэнд дуулгасан юм. Түүний ярьсныг энгийнээр тайлбарлах гэж оролдох аваас Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн бохир хадгалдаг таван савны хана ашиглалтын улмаас нимгэрч энэ тэрүүгээрээ цоорч, эдүгээ дэлбэ үсрэх хэмжээнд очоод байгаа гэнэ.Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн биологийн цэвэрлэгээ хийгддэг АЭРОТЕНК-ийн эхний хэсэг 1979 онд хоёрдахь нь 1986 онд тус тус ашиглалтад орсон гээд тооцохоор ашиглалтын хугацаа хэдийнэ дууссан аж. Гэвч монголчууд л болсон хойно эдийн засаг, энэ тэрдээ хавчигдсаар өнөөг хүрсэн төдийгүй эцэст нь ундны усны ганц эх үүсвэр болсон Хатан Туул руугаа үйлдвэрийн бохир, хүний ялгадсаа шахах хэмжээнд очсоныг юу ч гэхэв дээ.
Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй, Таван толгойн хувьцааг ард түмэнд эзэмшүүлнэ, эзэмшүүлэхгүй хэмээн хоёр тал болон үзэж тарж, үсэрч наалдаж байх зуур бидний ахуй ийм л байдлаар өдөр хоногийг өнгөрөөж байх жишээтэй. Ингээд улаанбаатарчуудын ундны усны аюулгүй байдлыг хангах манаанд өдөр шөнөгүй зогсч буй Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнтэй үүссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Төв цэвэрлэх байгууламжийг гурван өдөр хэсэгчилэн зогсоож, засвар хийнэ гэдэг нь Туул гол руу бохир зүйлээ тэр чигээр нь шахна гэсэн үг биш үү?
-Та зөв ойлгож. Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг гурван өдөр хэсэгчилэн зогсоож, яаралтай засварын ажлыг эхлүүлэхээс өөр аргагүй байдалд хүрээд байгааг улаанбаатарчуудаасаа нуух арга алга.
Учир нь цэвэрлэх байгууламжийн механик цэвэрлэгээний байгууламж болох 1, 3-р тунгаагуурын хуваарилах камерийн бетонон хийцийн шибр хаалтны хэсгээр цөмөрч тунгаагчийг юүлэх боломжгүй болсон учир баруун сараалжны аваарын сувгаар байгальд шууд нийлүүлэх хэмжээнд очоод байгаа.
Энэ хугацаанд цэвэрлэх байгууламжийн хүлээж авч байгаа усыг тодорхой нам төвшинд барих шаардлагатай болох ба биологийн цэвэрлэгээ хийх боломжгүй болох учир ирж буй усыг шууд Туул руу нийлүүлнэ. Ингэж хязгаарлалтай горим шилжүүлж хэсэгчилэн зогсолт хийнэ гэдэг өөрөө нийслэлчүүдэд түгшүүр зарласантай ялгаагүй.
Ахуйн болон үйлдвэрээс гарсан 420 мянган м3 бохир Туул руу нийлж, голын ус тэр хэмжээгээр бохирдоно гэсэн үг. Ийм нөхцөл байдал үүсэх хэмжээнд хүрсэн тухай манай газар Улаанбаатар хотын ерөнхий менежер болон холбогдох бүхий л байгууллагуудад албан ёсоор мэдэгдсэн байгаа.
-БОЯ болон Туул голын сав газар цэвэрлэх байгууламжийг зогсоох тухай танай албан бичигт ямар хариу өгч байх юм?
-Хууль, эрх зүйн хувьд Усны тухай хууль болон Хот суурин газрын ундны усны тухай хуульд цэвэрлэх байгууламжаас гарсан бохирдсон усыг шууд нийлүүлэхийг хориглосон байдаг.
Гэвч нөхцөл байдал ингэхээс аргагүй байдалд хүрснийг би дээр өгүүлсэн. Бид яг энэ асуудлаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл болон БОЯ-ны Г.Мөнх-Эрдэм дарга, н.Долгорсүрэн нартай уулзаж, нөхцөл байдлаа танилцуулсан. Мөн УИХ-ын байнгын хорооны хуралдаанд оролцож, үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлнэ.
-Туул голд хүний ялгадас хөвж, үйлдвэрийн бохир ус тэр чигээрээ хөөсрөх хэмжээнд хүргэлгүйгээр асуудлыг шийдэх боломж байгаа эсэхийг та судалж үзэв үү?
-Бүхий л боломжит хувилбаруудыг судалж үзээд хоёр аргын алийг нь ашиглахаа холбогдох байгууллагуудаас ирэх хариунаас харж байж шийднэ. Эхнийх нь Туул руу шууд бохироо нийлүүлэх, нөгөө нь гурван хоног ундны усыг хязгаарлах явдал.
-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих талаар та бүхний зүгээс ямар санаачлага гаргаж байв?
-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад миний багцаагаар 5-7 жил шаардлагатай. Гол нь санхүүжилт. Гэхдээ бидэнд асуудлыг шийдэж чадах нэг гарц бий. ЗГ тогтоол гаргаж шууд гэрээ хийж төв цэвэрлэх байгууламжийг барих ажлыг яаралтай эхлүүлэх.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирэх сарын 11-нд Франц улсад хийх албан ёсны айлчлалын үеэр яригдах сэдвийн нэг нь энэ. Бид нийслэлээр дамжуулан саналаа хүргүүлсэн юм. Францын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2007 онд Улаанбаатар хотын ундны усны мастер төлөвлөгөөг хийж гүйцэтгэсэн байдаг.
Тэд манай цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа учраас шинэчлэх тухайд цаг хожих боломжтой. Нөгөөтэйгүүр, цэвэрлэх байгууламжийн технологиор дэлхийд алдартай Францын “VEOLIA” компани Засгийн газрынхаа хөнгөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулах тухай саналаа ирүүлсэн байгаа.
-Яг өнөөдрийн байдлаар цэвэрлэх байгууламж бохироо хэдэн хувь цэвэрлэж чадаж байна вэ?
-Шулуухан хэлье, 65 хувь цэвэрлэдэг.
-Шинээр цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулж чаддаггүй юмаа гэхэд өгөгдлүүдийг нь хэсэг хэсгээр шинэчилж, засварласан тохиолдолд үзүүлэлт хэдэн хувиар нэмэгдэх вэ?
-Тоноглолоо сайжруулсан тохиолдолд 80 хувь хүртэл ариутгана
.
-Жилээс жилд шинээр ашиглалтад орж байгаа орон сууцны хорооллын тоо нэмэгдсээр байгаа. Ундны усны хэрэгцээ, шаардлагыг УСУГ хангаж чадаж байна уу?
-Өнөөдөр зөвхөн Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын ундны усны хэрэгцээ 230 мянган м3 байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байдалд дүгнэлт хийн тооцоог аргахад дээр үзүүлэлт 150 мянган м3 усаар нэмэгдэхээр байгаа.
бодохоор хоногт 350 мянган шоо метр ус ашиглана гэсэн үг. Ийм байдлаар цааш явахад 2020 он гэхэд Улаанбаатарт ундны усны хомсдол үүсч мэднэ.
Эх сурвалж: www.mminfo.mn