Өчигдөр Монголын цахим ертөнцөд “хар” өдөр болж өнгөрлөө. Ингэж хэлэхийн шалтгаан нь Монголын ихэнх интернэт сайтууд өөрсдийн буруугаас биш тэдэнд Домайн нэрний эрхийг худалдан түгээж, түүнийг нь хариуцдаг Датаком-ын буруутай үйл ажиллагаанаас болж цахим сайтуудын орох эрх хязгаарлагдлаа.
Датаком нь домайн нэр худалдан борлуулахаас гадна өөр дээрээ төрийн бус байгууллагуудын цахим сайтуудад хост түрээслүүлдэг, домайн нэр олгодог. Энэ тал дээрээ манайдаа л томоохонд ордог орох байгууллага юм. Харамсалтай нь тэд асуудалд хэрхэн хариуцлагагүй ханддагийн жишээг өчигдөр “яруу тодоор” үзүүллээ.
Датаком-ын тайлбарлаж байгаагаар сайтуудын хандалтыг хязгаарлах болсон шалтгаанаа домайн нэрний серверүүд рүү хакерийн удаа дараагийн халдлага гарсантай холбожээ. Ингээд тэд хакерийн дайралтаас хамгаалахын тулд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа сайтуудын домайн нэрний хандалтыг түр зогсоосон гэжээ.
Угтаа ийм хэмжээний том байгууллага захын нэг хакерийн дайралтыг сөрж чадах хэмжээний бэлтгэл, боловсон хүчинтэй баймаар юм сан.
Тэгээд ч өнөөгийн цахим орон зай асар хөгжсөн энэ цаг үед домайн нэрийг хааж байгаад биш өөр тийш шилжүүлэх байдлаар үгүй ядаж сайтын холбоо болон сайтуудын удирдлагууд руу яаралтай дуулгаж, сайт бүр түр хандалтгүй болох тухай мэдээллийг өөр өөрсдийн сайтууд дээрээ гаргаж олон нийт, уншигчиддаа Шуурхай мэдээлж болох байсан. Харин тэд ингэсэнгүй, ингэхийг ч хүссэнгүй.
Сайтуудад ямар нэгэн мэдээлэл өгөөгүйн улмаас гэнэтхэн хандалт нь орохоо больсон тул сайтуудын удирдлагууд сервер хост байршуулдаг газрууд болон систем хариуцсан админууд руугаа дахин дахин залгаж бөөн асуудал үүсгэлээ.
Гэтэл Датаком өөрийн цахим сайтдаа домайн нэрний хандалтыг түр хугацаагаар зогсоосноо хүн анзаарч харахад төвөгтэй “жижигхэнээр” ингэж бичээд оруулсан байх юм.
Бас болоогүй утсаар ярьж тодруулах гэхэд утсаа авахгүй байсны зэрэгцээ дээрх жижигхэн мэдэгдэлдээ сайтуудыг басамжилж байгаа юм шиг “хамтран ажиллаж, мөн хүлээцтэй хандаж байгаад баярлалаа” гэжээ.
Ийнхүү төрийн нэртэй интернэтийн ТОП байгууллага үйл ажиллагаа нь ийм доголдолтой ажиллаж байхад бид хэрхэх билээ. Сайтуудыг хэдэн цагаар хандалтгүй болгосны цаана учирч байгаа бизнесийн болон нэр хүндийн хохирлыг ДАТАКОМ хэрхэн хариуцах вэ?
Ц.Мөнх