Шүүх байгуулах тухай хуулийг Цэц Үндсэн хууль зөрчсөн гэснээр цөөн хүн шүүхийг хуучин тогтолцоонд нь буцаан оруулах гэж хичээсэн. Харин шүүгчид бараг бүгдээрээ шинэ тогтолцоогоо хамгаалсан. Нийгэм шинэ тогтоцоог дэмжсэн. Ийм нэг эгзэгтэй цаг мөч монголын шүүхэд байлаа. Олон хүн шүүхийн шинэтгэл урагшлах нь уу, ухрах нь уу гэж харж байлаа. Гэвч ухарсангүй, урагшиллаа. Монгол улсын төрийн тэргүүн тууштай байлаа. Хэдийгээр УИХ-д янз бүрийн санаа бодолтонгууд байсан ч шүүхийн шинэтгэлийг ухрааж болохгүй гэж гишүүд үзэж, аргагүй л ард түмний элч гэдгээ нотлон харууллаа.
Шүүхийн шинэтгэлийн нэг том багана бол шүүх, шүүгчийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан мэргэшүүлэх, шүүгчийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилт байлаа. Өмнөх шүүхийн тухай хуулиар давж заалдах болон дүүргийн шүүхүүдийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан байв. Харин энэ удаагийн шүүхийн тухай хуулиар сум дундын шүүхийг эрүү, иргэний шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулснаар монголын шүүх бүхэлдээ дагнаж, шүүгч мэргэших, мэргэшсэн шүүгчээр иргэд хэрэг маргаанаа шийдүүлэх түүхэн бололцоо бүрдлээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гарсан “шүдний эмчээр нүдээ эмчлүүлмээргүй байх” санаа ийнхүү бодит байдал боллоо. Ийм чухал хууль санаачилсан Ерөнхийлөгч, түүнийг нь баталсан хууль тогтоогчдын алсын хараа, мэргэн шийдвэрийг хуульчид талархан ярьж байна.
Шүүхийг ийнхүү дагнан байгуулж чадсан нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн гавъяа юм. Тус хуулийн 48 дугаар зүйлийн 1-д шүүхийн тогтолцооны талаар тусгахдаа зэрэгцсэн ойлголтоор “…эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасан нь энэ л цаг ирэхийг угтан харсны илрэл юм.
Он жилүүд тодорхой хугацаанд өнгөрсөн ч гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, бодит ажил хэрэг болгох хэрэгцээ шаардлагыг Монгол Улсын ерөнхийлөгч анзаарч, шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулах ажлыг эхлүүлсэн нь шүүхийн шинэтгэлийн нэг том алхам болсон юм.
Ийнхүү Монгол улсын улсын төрийн тэргүүн, Улсын Их Хурал шүүх засаглалынхаа тогтвортой байдлыг хангах, шинэтгэлийн үйл явцыг гүнзгийрүүлэн баталгаажуулж өглөө.
Харин одоо шүүгчид жинхэнэ ёсоор мэргэших, хараат бусаар, хариуцлагатай ажиллах, олон нийтийн итгэлийг даах л үлдлээ.
С.Тамир
Эх сурвалж: “Өдрийн сонин” 2015.06.24-ний №156 /5108/