Монгол-Германы технологийн дээд сургуулийг шинээр байгуулан ирэх намраас үйл ажиллагааг нь эхлүүлэхээр болжээ. Энэ сургуулийг байгуулах талаар Герман Улсын Канцлер Ангела Меркел болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар 2011 оны аравдугаар сард тохиролцсон юм байна. Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн хэлэлцээр ийнхүү ажил хэрэг болж Монгол-Германы технологийн дээд сургууль бэлтгэл ангидаа элсэлт авч эхэлжээ.
Тус сургуульд 2013, 2012 онд элсэлтйн ерөнхий шалгалт өгсөн бүрэн дунд сургуулийн төгсөгчид, их, дээд сургуулийн оюутнууд, үндэслэлтэй шалтгаанаар элсэлтийн ерөнхий шалгалт өгөөгүй иргэд бүртгүүлэх боломжтой юм байна. Элсэлтийн ерөнхий шалгалтыг математик, физик, хими, англи хэлний хичээлүүдээр өгөх бөгөөд хоёроос доошгүй хичээлийн шалгалтыг 600 ба түүнээс дээш оноотой өгсөн байх шаардлагатай гэнэ. Монгол-Германы технологийн дээд сургуулийн бэлтгэл ангийн элсэлтийн бүртгэл долдугаар сарын 10-ныг дуустал үргэлжлэх юм байна. Тиймээс элсэхийг хүсэгчид www.gmit.edu.mn хаягаар орж бүртгүүлж болох ажээ.