Монгол улсын Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт, Бүрэнхаан уулын бэлд, Ивэн голын эхэнд оршдог Амарбаясгалант хийд очин өнөөгийн байдлыг нт илэрхийлсэн фото зураг авснаа үзэгчиддээ хүргэе.
Амарбаясгалант хийдийг анх Монголын анхдугаар Богд Г.Занабазарын үйлс, эрдэм билэг, авъяас, ур ухааныг сүсэглэн дээдэлж, түүнд зориулсан хийдийг бариулахаар 1725 онд Манжийн эзэн хаан Энх-Амгалан зарлиг гаргаж улсын сангаас 10 түмэн лан мөнгө гаргажээ. 1726 онд Монголын олон уран дархчуул барилгын ажлыг эхлүүлж тоосго модоор барьж 1737 онд дуусгажээ. Амарбаясгалант гэдэг нэр нь Монгол нэр бөгөөд анх энэ хийдийг байгуулахаар хэсэг лам нар газар шинжиж явахдаа одоо тус хийдийн байгаа газарт эрэгтэй эмэгтэй 2 хүүхэд чулуугаар гэр барин тоглож байсантай тааралджээ. Тэр 2 хүүхдийн нэр нь Амар, Баясгалант гэдэг байсантай холбоотойгоор тус хийдийг ийн нэрлэжээ.
Амарбаясгалант хийдэд сургалтын 10 дацан ажиллаж, хурал ном хурж ид цэцэглэж байхдаа 50 гаруй дугантай, 108 баганатай, 6000 гаруй лам хуврагтай шашны их орон байжээ. Бурхан багшийн сүм, Аюуш, Махгал, Майдар, Нархажидын сүм, Богд гэгээний ордон, Өндөр гэгээний бунхан зэрэг 40 гаруй сүм дуганыг 175 х 207 метр хэрмэн хашаан дотор барьснаас одоо 28 сүм дуган үлджээ. 1937-1938 оны хэлмэгдүүлэлт хийдийг нөмөрч олон зуун лам нар нь хэлмэгдэн 200 гаруй жилийн турш хуримтлуулж цогцлоосон ховор нандин бурхан шүтээн, судар бүтээлүүд нь дахин сэргээх боломжгүйгээр устгагджээ. Хожим 1943 онд Амарбаясгалант хийдийг улсын хамгаалалтанд авч сэргээн засварласан байна. Одоо тус хийдэд Янпай хаалга, Махранзын сүм, Түүхийн сүм, Сангийн бойпор, Монгол уран барилгын цогц бүтээл болох Цогчин дуган, Лаврин сүм, Монголын гал голомт хэмээгддэг Шар өргөө зэрэг байшин барилгууд бий. Мөн хийдэд Өндөр гэгээн Занабазарын бүддэн, мөн III, IY Богдын шарилыг хадгалж байжээ. Амарбаясгалант хийдэд бас нэг чухал дурсгал болох Ганжуурын 108 боть, Данжуурын 226 ботийн Монгол эх хадгалагддаг. Эдгээр Монгол эхийг 1628 онд бүтээсэн бөгөөд эртний гүн ухаан, анагаах ухаан, газарзүй, урлаг судлал, дуу хөгжим, одон орон зэргийг агуулсан 1260 гаруй бүлэгтэй байдаг.
Дашрамд дурьдахад Амарбаясгалант хийд нь Улаанбаатар хотоос 350 км, Эрдэнэт хот орох төв замаас 35 км-ын зайд оршдог юм билээ. Биднийг үзээс хойш очиход тус хийдийн хурал ном тарсан бололтой, лам болтой багачууд сандал ширээгээ эмхлэн, гадна талаа шүүрдэж байна лээ. Хангайн уулсад энэ жил газрын гарц багатай, өвс ногоо муутай байсны нэг адил хийдийн орчимд ч гэсэн гандуухан байна билээ.
300 гаруй жилийн настай тус хийдийн чулуун шат, уран барилга, мод төмөр бүр амьтайсан бол бидэнд ямар их түүхийг өгүүлэх байсан бол гэж бодоход өөрийн эрхшгүй бишрэх сэтгэл төрөх юм билээ.
Ц.Мөнх