Монголын геологичид төмрийн хүдрийн ордын 14 гол бүс нутагт судалгаа хийж, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн таамаг нөөц тодорхойлсон байна. Энэ нь Монголд нэг тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй гэсэн таамгийг эвдэж байгаа хэрэг. Төмөртэй, Баянгол, Төмөр толгойн ордод нийт 343 сая тонн хүдэр бий. Хараат-Уул, Эрээний орд 71.5 сая тонн төмрийн хүдэртэй. Таян нуурын ордод 71.7 сая тоннын нөөц тогтоогдоод байна. Хоёр жилийн өмнө гурван сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолж байсан. Харин өнгөрсөн онд таван сая тоннд хүрсэн судалгаа байдаг. Ирэх гурван жилд 11 сая тоннд хүрэх төлөв байна гэдгийг судлаачид хэлж байна.
Монгол Улс өнгөрсөн онд 350 мянган тонн ган бүтээгдэхүүн хэрэглэжээ. Харин ирэх хоёр жилд 500 мянган тонн болох судалгаа бий. Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр 55.4 мянган тонн ган туйван, арматур үйлдвэрлэжээ. Төмрийн хүдэр боловсруулж бус хаягдал төмөр ашиглаж байгаа юм. Цаашид тус үйлдвэрийг өргөтгөж, Дархан, Сэлэнгийн бүс нутаг дахь төмрийн хүдрийн ордуудаа ашиглах ёстой гэж эдийн засагчид зөвлөжээ.