Ч.Сүрэнхүү:  Аврагч бол тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч,  бид өргөсөн тангарагтаа үнэнчээр ажилладаг

IMG_2438Эх орон, ард түмнийхээ төлөө тангараг өргөн ажиллаж, гал усны гашуун зовлонг сөрөх эр зоригтон  онцгой байдлын албан хаагчидыг хараад тэднээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөх юм билээ. Хөвсгөл далайн эрэгт байрлах онцгой байдлын албаны ажилтан, гүний усны шумбагчийг ажил үүргээ гүйцэтгэн, нуурийн усны  эргийн 10-15 м гүнд шумбалт хийж байхад нь санамсаргүй байдлаар тааралдан, түүнээс цөөн хэдэн асуулт асууснаа та бүхэнд хүргэе

– Та өөрийгөө манай уншигчидад товч танилцуулаач

– Намайг Чүлтэмсүрэнгийн Сүрэнхүү гэдэг, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх салбарт 14 дэх жилдээ ажиллаж байгаа. Үүнээс усчин аврагчаар 10 жил ажиллаж байна.

– Таныг сая гүний усруу шумбалт хийхийг харлаа.  Ажиглаад байхад   энэ ажил нэлээд хүч хөдөлмөр шаардсан дээр нь хувцас хэрэглэл, агаарын баллон  зэрэг  нь багагүй  хүнд жинтэй байдаг бололтой.

– Миний хувьд Хатгал тосгонд үүрэг гүйцэтгэн ажилладаг. Өнөөдрийн хувьд Сүхбаатар усан онгоцны ахмадын хүсэлтээр усан онгоцны ёроолын  зэврэлт, сэнсний хэвийн ажиллагаа, сэнсэнд элдэв ургамал орооцолдсон  эсэх, цооролт, гэмтэл үүссэн үгүйг харах, хянах, тогтоох зорилгоор гүний шумбалт хийлээ. Дээр нь  зорчигч иргэн үнэ цэнэтэй гар утсаа усны гүн рүү унагачихлаа, боломжтой бол аваад өгөөч гэхээр нь  нэгэнт  гүн рүү шумбалт хийж байгаа болохоор тус болоод  гар утсыг нь авч өглөө. Миний өмсөж байгаа  гүний шумбагчийн хувцас, агаарын баллон болон бусад эдлэл хэрэглэлтэйгээ нийлээд  35 орчим кг, дээр нь гүний  түргэн живүүлэх зорилготой тугалган бүслүүр дангаараа  20 орчим кг байдаг.

– Таны ажлын үндсэн үүрэг юу байдаг вэ?

– Аврагч бол тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч, бид өргөсөн тангарагтаа үнэнч байж иргэдэд аврах, хамгаалах, туслах үйлчилгээ үзүүлдэг.

– Та 10 жил усчин аврагчаар ажилласан гэлээ. Энэ хугацаанд томоохон ямар аврах ажиллагаанд оролцож байсан вэ?

– Миний хувьд олон аврах ажиллагаанд оролцсон. Тэдгээрээс томоохон нь гэвэл 2011 онд Хөвсгөл далайд Петровисийн 2  шатахуунтай цистерн мөс цөмөрч нууранд  живэхэд тэдгээр машиныг гаргахад үүрэг гүйцэтгэн ажилласан. Энд хөвсгөлийн 2 усчин аврагч голлох, бусад усчид туслах үүрэг гүйцэтгэн ажилласан байдаг.

– Далайн ус хүйтэн байна. Шумбагчийн хувцас хэдийгээр ус нэвтрэхгүй ч гэсэн хүйтэн нь таньд мэдрэгддэг үү? Энэ хүйтэн харанхуй усны  гүн рүү шумбахад таньд ямар мэдрэмж төрдөг вэ

– Мэдрэгдэлгүй яах уу, хүнийг амархан дааруулна, дээр нь нуурийн гүн рүү орох тусам далайн даралт ихтэй байдаг. Даралт ихсэх тусах хүний бие организмд сөргөөр нөлөөлнө. Гэхдээ үүрэг гүйцэтгэнэ хэмээн тангараг өргөсөн албан хаагчийн хувьд энэ бүхнээс няцна гэж юу байх вэ

– Таны хувьд хамгийн гүнд шумбаж байсан шумбалт хэдэн метр байсан вэ?

– 2010 онд Ханх тосгонд завьтай 3 хүн осолдож, 2 хүн нь амьд гарч нэг хүн нь завьтайгаа усны гүн рүү живж нас барсан  харамсалтай осол гарсан.   Энэ ослын үед далайн гүн рүү  живсэн  завинд очиж  татах олс тогтооход 55 метрийн гүнд шумбасан. Энэ арга хэмжээнд хойноос Оросын усчингууд ирж бидэнтэй хамтран ажилласан.

– Баярлалаа, таны ажилд өндөр амжилт хүсье

– За баярлалаа

IMG_2425 IMG_2428 IMG_2434 IMG_2435

Ц.Мөнх

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

А.Баясгалан: Хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурваст нэвтрэх зөрчил цөөнгүй гарч байна

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус …