Эмэгтэй хүний ялдам төрх, ааль ааш гагцхүү гадаад үзэмж, дүр төрхөөр хязгаарлагдахгүй. Эмэгтэй хүнээс гарч буй үг, үйлдэл бүр эсрэг хүйстэндээ эерэг сэтгэгдэл, төрүүлж байх учиртай юм. Нэг сайхан залуу бүсгүйг эргүүлээд л цэцэг навч өгөөд л байж. Тэр бүсгүй ч түүнд таатай ханддаг байжээ. Гэсэн ч энэ харилцаа нэг их удсангүй, зам мөрөө хөөгөөд л чимээгүй болцгоож. Хожим нь тэр залуу бүсгүйтэй үг хэлээ ололцоход хүндрэлтэй байсан тухайгаа ярьсан байна. Нэг сэдвийн тухай ярихад бүсгүй өөрийг нь сонсдоггүй ч юм уу тэс өөр юм яриад унадаг байж…
Тиймээс бүсгүйчүүд минь, таалагдсан залуутайгаа харилцахад хэлж болохгүй үгс байдгийг бас бодууштай. Аливаа харилцаа босгосон сэдвийн дагуу өрнөж байж л сонирхолтой болдог.
Улс төрийн тухай хязгаартай ярь
Хэт их улс төрждөг, ямар ч сэдвийг улстөр лүү чиглүүлчихдэг эмэгтэйчүүд байдаг. Тэгвэл бүсгүй та эсрэг хүйстэнтэйгээ харилцахдаа энэ сэдвээ мартахыг зөвлөе. Ярьсан ч хэн хүний мэдэх зүйлийг багахан ярь. Учир нь “улстөрч” эмэгтэйгээс эрчүүд үргэдэг. Нийгэм тэртэй тэргүй бухимдалтай байхад та үүнийг дэврээх хэрэггүй. Тэр таниас сэтгэлийн таашаал авах гэж л харилцаж байна.
Өөрийн гоо сайхандаа итгэхгүй байх
Хайртай залуу чинь таны бие галбир, нүүр царайг чинь магтаж болно. Түүний нүдэнд та хамгаас хөөрхөн харагддаг болоод л тэр. Үнэхээр тийм ч бай, үгүй ч бай хэлснийг нь бүү үгүйсгэж няцаагаарай. “Хөөрхөн” гээд нотлоод “үгүй ээ” гэж зүтгэвэл “нээрээ ч хөөрхөн биш юм “ гэх мэтээр бодох нь бий. Зүгээр л “баярлалаа” гээд хэлчих.
Хийдэг ажлыг нь үл тоомсорлох
Өөр ажил хийхийг санал болгох. Хэр хэрэндээ л танд таалагдах гэж ажлынхаа тухай ярина. Гэтэл бүсгүйд авдаг цалин нь ч чамлагдсан уу “тийм, тийм өндөр цалинтай ажил байна, чи орчихооч” гэх мэтээр яривал урам нь хугарна шүү дээ. Дахиж тэр ажил бүү хэл, өөрийнхөө тухай ч нээлттэй ярихаа бүр мөсөн болино. Бие биенээ ойлгодоггүй, дэмждэггүй, урам өгдөггүй хань, харилцагч түүнд хэрэггүй.
Эцэг эх, ах дүүсийг нь дүгнэх гэж бүү яар
Ойр дотны хүмүүсийнх нь тухай дүгнэлт хийхэд арай эрт. Түүний сэтгэлийг гонсойлгож болно. Та ганц нэг удаа тэднийд зочилжээ. Эцэг эхийнх нь харилцаа танд ямар ч санагдсан байж болно. Гэхдээ ганц нэг удаа очсоны төлөө эцсийн дүгнэлт хийх гэсний хэрэггүй. Хүмүүс хоорондын харилцаа, ойлголцолд хугацаа хэрэгтэй.
“Чамтай ярих хэрэг байна.”
Эрчүүдэд тийм сайхан санагддаггүй өгүүлбэр. Нэг л “ноцтой” санагддаг болоод тэр. Оршилгүй шууд үгээ хэлж бай. Харин олон хүн байгаа бол ярих гэсэн асуудлаа түр хойшлуул.