INFO.MN сайтын сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн С.Баттулгыг хууль бусаар цагдан хорьсон асуудлаар МСНЭ, “Глоб интернэшнл төв” ТББ, өмгөөлөгч Ц.Батбаяр нар 2015 оны долдугаар сарын 9-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж, байр сууриа албан ёсоор мэдэгдсэн билээ.
“Ноёд” группээс гаргасан сэрэмжлүүлгийг сайтдаа байршуулсных нь төлөө С.Баттулгыг одоогоос нэг жилийн өмнө буюу 2014 оны долдугаар сард хууль бусаар 32 цаг хорьж байв. Тэр үед манай эвлэл сэтгүүлчээ өмгөөлөн мэдэгдэл гаргаж “Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм” хэмээн өөрийн байр сууриа тодорхойлсон. Бид одоо ч энэ байр суурин дээрээ хатуу зогсож байна. Харамсалтай нь Монголын шүүх үүнд дүгнэлт хийгээгүй нь сэтгүүлч С.Баттулгыг энэ л асуудлаар хоёр дахь удаагаа, олон хоногоор цагдан хорих хууль бус шийдвэр гаргаснаас харагдаж байна.
Иргэдийн мэдэх эрхийг хангаж, аливаа мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх нь сэтгүүлчийн үндсэн үүрэг бөгөөд мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсэн сэтгүүлч С.Баттулгын тухайд мэдээлэл авсан эх сурвалж нь тодорхой байсаар байтал гэмт хэрэгт буруутган хуульд заасан үндэслэл журмаас гадуур цагдан хорих шийдвэр гаргасан, шийтгэх тогтоол гараагүй байхад гэм буруутнаар тооцсон шүүгчийн асуудалд анхаарлаа хандуулж, яаралтай арга хэмжээ авахыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүсч байна. Сэтгүүлч хүн мэргэжлийн ажил үүргийнхээ дагуу тодорхой эх сурвалжаас авсан мэдээ мэдээллээ олон нийтэд хүргэснийхээ төлөө гэмт хэрэгтэн болдог буруу жишиг тогтох, түүнээс үүдэн ардчиллын амин сүнс болсон иргэдийн мэдэх эрх хязгаарлагдах хортой үр дагаврыг та бүхэн олж харж, ухаалаг зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.
Тодорхой эх сурвалжтай мэдээлэл дамжуулсных нь төлөө сэтгүүлчийг цагдан хорьж, эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж оролдож байгаа асуудалд анхаарлаа хандуулж, бидэнтэй хамтран ажиллахыг Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалагч бусад байгууллагуудад хандан хүсч байна.
Хэсэг сэтгүүлчид мэргэжил нэгт нөхрийнхөө төлөө санаа зовниж “СЭТГҮҮЛЧИЙН ХУУЛЬД НИЙЦСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНД СААД ХИЙХЭЭ ЗОГСОО, СЭТГҮҮЛЧИЙГ СУЛЛА” хөдөлгөөн өрнүүлж байгааг дэмжиж, дуу хоолойгоо нэгтгэх, мэргэжлийн эв нэгдлээ бэхжүүлэхийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, нийт сэтгүүлчдэдээ хандан уриалж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
Улаанбаатар хот 2015.07.15