НИТХ-ын XIX хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх чиг хандлагын баримт бичиг”-т тусгасны дагуу уг хөтөлбөрийг 3 үе шаттай хэрэгжүүлж байна.
Ингэснээр Улаанбаатар хот 2020 онд 2 сая жуулчин хүлээн авч, нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэхээр зорьж байна. Харин 2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээж авах тооцоотой байгаа юм.
Уг хөтөлбөрийн хүрээнд иргэдэд орчин үеийн болон үндэсний урлагийн үнэт зүйлийг сурталчлах, жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор энэ зун соёл урлагийн томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Тухайлбал, “Учиртай гурван толгой дуурь”, “Ариун хаврын тахилга” этно балет, “Сайланс вайт” дижи урлагийн шоу гэх мэт тоглолтыг нийслэлчүүдэд хүргэсэн.
Соёл урлагийн арга хэмжээ ирэх сард ч үргэлжилнэ.
8 дугаар сарын 1-нд Олон үндэстний хоолны өдөрлөг – Үндэсний соёл амралтын хүрээлэнд
8 дугаар сарын 7-нд “Алдрын танхим” Рок поп хүндэтгэлийн концерт – Чингис хааны талбайд
8 дугаар сарын 8-нд “Даншиг наадам, хүрээ цам” Өндөр гэгээний соёлын арга хэмжээ – Хүй долоон худагт
8 дугаар сарын 8, 9-нд “Улаанбаатар фүүд” фестиваль – “Вива сити” хороололд болно.