Галт зэвсгийн тухай хуулийг өнөөдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэлэхдээ “Манайх шиг хуультай улсад галт зэвсгийн хуулийг баталснаар гэмт хэргийн гаралт өгсөх вий. АНУ галт зэвсгийг хамаагүй хэрэглэдэг учир галт зэвсэгтэй холбоотой гэмт хэрэг их гардаг” гэж тайлбарласан.
Тэгвэл галт зэвсгийн хуулийг хэлэлцэж буй энэ үед галт зэвсэгтэй холбоотой хэрэг гарсан байна. Тодруулбал, өчигдөр Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутагт байрлах “Бага шар хоолой”-н задгайд оршин суух 12 настай эрэгтэй “Э” гэх хүүхэд өвөөгийнхөө бууг гэрлүүгээ зөөж байгаад сум алдаж, найман настай хүүхдийн бөөрний орчимд буудаж гэмтээжээ.
Шинээр батлагдаж буй Галт зэвсгийн тухай хуулиар “Монгол Улсын иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөл, эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бүртгүүлсэн зориулалтаар нь аюулгүй ажиллагааг ханган, ашиглах эрхтэй. Иргэн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа галт зэвсгээ өөрийн амь биеийг бусдын зэвсэглэсэн халдлагаас, амь бие, эд хөрөнгийг зэрлэг араатан, амьтнаас хамгаалах зорилгоор ашиглаж болно” гэж заасан. Ингэснээр иргэд гар дээр байгаа галт зэвсгээ хураалгахгүйгээр бүртгэлжүүлээд цаашид ашиглаж болно гэсэн үг. Гэхдээ иргэдийг галт зэвсэгтэй харьцах болон хэрхэн хэрэглэх талаарх хуулийн зохицуулалт шаардлагатай байгааг дээрх хэрэг харуулж байна.
Эх сурвалж www.wikimon.mn