“Үдийн цай” хөтөлбөрийг бүр больчихвол яасан юм бэ

1441332124_tsaiСургуулиудын цайны газар зориулалтын бус, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй, мөн бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хадгалах хөргөгч, хөдлөөгчгүй нөхцөлд сурагчдын үдийн цайг боловсруулдаг, боловсруулсан бүтээгдэхүүн нь хүүхдийн авах ёстой уураг, илчлэгийн нөхдөггүй зэрэг зөрчлийг хяналт хийсэн болгон л илрүүлдэг, тайлагнадаг. Гэвч энэ хөтөлбөр үргэлжилсээр. “Үдийн цай” улам л муудсаар.

Нэг хүүхдэд ноогдох нэг өдрийн хоолны зардал тун бага. Ердөө л 600 төгрөг. Энэ төсөвт таарсан чанартай, илчлэгтэй үдийн цайг бүрдүүлнэ гэдэг боломжгүй. Цайны боорцог, жигнэмэг, тараг, сүү зэргээр л аргацааж байгаа харагддаг.

Мөн сүүлийн үед бүтээгдэхүүний нэр төрөл цөөрч, сүү сүүн бүтээгдэхүүн бараг байхгүй болж, хийжүүлсэн болон чихэрлэг ундаа, жигнэмэг чихэр зэргээр аргацаадаг болсон гэдгийг шалгалтынхан онцлох боллоо. Бизнесийн байгууллагуудын шахаа хийгдэж эхэлсэн гэж хардах боллоо. Үүнээс гадна хүний эрүүл мэндэд хортойд тооцогддог “транс тос” болох маргариныг “үдийн цай” хөтөлбөрийн хүнсний бүтээгдэхүүнүүдэд ихээр хэрэглэж байгааг шалгалтынхан олж тогтоожээ.

Тэгвэл “үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдэд яагаад хямд, шаардлага хангахгүй бүтээгдэхүүн өгөөд байна вэ. Энэ тун ойлгомжтой. Төсөвтөө таарсан бүтээгдэхүүнийг л нийлүүлж байгаа юм. Гэхдээ яг 600 төгрөгт багтсан бүтээгдэхүүн байна гэвэл худлаа. Эндээс хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн ажлын зардал, ажилчдын цалин хөлсийг авна. Цаашлаад бүтээгдэхүүн нийлүүлэх сургуулийн захирал, удирдлагуудтай гэрээ хийхэд мөн л хөрөнгө шаардлагатай. Энэ бүгдийг нэг хүүхдэд ноогдох 600 төгрөгөөс хасаад үлдсэн цөөхөн хэдэн төгрөгт багтсан хүнсний бүтээгдэхүүн сурагчдын үдийн цай болон очдог гээд бодоод үз. Тэгэхээр боорцог, жигнэмэг зэрэг өгч байгаа нь их юм. Гэвч энэ хөтөлбөрийн зорилго нь хүүхдийн дутагдаж буй уураг, илчлэгийг нөхөх зорилготой. Гэтэл зөрчил, дутагдал илэрч, хүнсний бүтээгдэхүүний чанар улам л муудаж, цаашлаад химийн орц найрлагатай бүтээгдэхүүн нийлүүлдэг болоод эхэллээ.

Тэгвэл зөрчилтэй, буруутай гэж ярин ярин энэ хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх хэрэг байна уу. Бидний үеийнхэн үдийн цайгүй болоод л байдаг байсан. Хүүхэд өлслөө гээд муудсан зүйл байдаггүй. Харин ч тэсвэр хатуужил сууж, ой тогтоол ч сайжирдаг.

Манай боловсролын системд гадны орнууд шиг хүүхдийг өглөөнөөс оройг хүртэл сургууль дээр нь хаших шаардлага байдаггүй. Тиймээс заавал ч үгүй цай уулгаад байх шаардлагагүй гэж бодогддог. Тэгээд ч аргуу боорцог, чихэр, маргарин агуулсан хүнсний бүтээгдэхүүн идснээс, өлсгөлөн байсан нь дээр. Ядаж л таргалалт, ходоод гэдэсний элдэв өвчнөөс сэргийлж чадна. Тиймээс илүү зардал гаргасан энэ хөтөлбөрийг зогсоочихвол заасан юм бэ.

Гэвч энэ хөтөлбөрийн цаана зарим хүмүүсийн эрх ашиг, хөрөнгө мөнгөний асуудал яригддаг болохоор зогсоох боломжгүй гэж тайлбарлаж болох. Хэрвээ хөтөлбөрийг зогсоох дээрээ тулвал ихээхэн эсэргүүцэлтэй тулгарна гэдэг нь ч ойлгомжтой. Гэвч хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироон байж бусдын эрх ашгийн төлөө энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх шаардлага байна уу. Бодох л хэрэгтэй.

Амар

эх сурвалж: undesten.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …