Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 09 дүгээр сарын 10-нд тэмдэглэх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоол гарсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Ардын Хувьсгалын дараахь он жилүүдэд намын үзэл сурталын хэт туйлшрал, их гүрний гадаад бодлогоос шалтгаалж, хууль ёс алдагдан, хүний эрх эрх чөлөөг зөрчиж, бусдыг хийгээгүй хэрэг, хэлээгүй үгнийх нь төлөө зохиомолоор хэрэг үүсгэн шалгаж, олон арван иргэнийг хэлмэгдүүлсэн түүхийн хар шуурга нүүрлэсэн он жилүүдэд Улсын Прокуророор ажиллаж байсан Лхамсүрэнгийн Дэндэв, Өлзийбүрэнгийн Пунцаг, Жамьянгийн Дэндэв, Мөрдэндэвийн Ядамсүрэн, Чойжоогийн Чойдогсүрэн, Сэрээтэрийн Пунцагдорж, Нэрэнгийн Борхүү нар хууль ёсыг сахиулахын төлөө тууштай тэмцэж явахдаа “Улс төрийн эсэргүү“ хэмээгдэн хэлмэгдэж цаазлагдаж байсныг бид мартах учиргүй.
Улсын Ерөнхий Прокурорын газар 2015 оны эхний хагас жилд иргэд, байгууллагаас цагаатгалын асуудлаар ирүүлсэн 30 шахам өргөдөл, гомдлыг хүлээн авч хуулийн хугацаанд шийдвэрлэлээ.
Мөн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжийн дагуу тусгай төлөвлөгөөнд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн байж болох хэргүүдийн судалгааг төв, аймаг, орон нутгийн архивуудаас гаргуулахад ТЕГ-ын тусгай архивт шийдвэрлэгдээгүй байсан 1000 гаруй хэргийг шинэ нөхцөл байдлаар хэргийн ажиллагааг прокурорын тогтоолоор үүсгэж шалгуулахаар боллоо.
Мөн өмнө нь 1990 оноос хойш нэхэмжлэгчдийн өргөдлөөр шалгуулсан боловч улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн гэх хуульд заасан нотлох баримт тогтоогдоогүйгээс шалгах ажиллагааг зогсоосон 100 шахам хэргийг ТЕГ-ын тусгай архиваас татаж хянаад сэргээж шалгуулах шаардлагтай зарим хэргүүдийг дахин шалгуулсанаар 6 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон 8 хүнд цагаатгалын үнэмлэх олголоо.
Прокурорын байгууллагаас цагаатгалын хуулинд заасан нэхэмжлэгчдийн өргөдлийг хүлээн авах болон нөхөн олговор олгох хугацаа 2011 оны 12 дугаар сарын 30-нд дуусгавар болсныг сунгуулахаар цагаатгалын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг холбогдох байгууллагтай хамтран боловсруулж УИХ-д өргөн барьсаныг зайлшгүй хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах талаар прокурорын байгууллагаас эхлүүлсэн нөр их ажил одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд цагаатгалын хуулийг хэрэгжүүлэх хугацаанд прокурорын байгууллага 30 гаруй мянган хэлмэгдсэдийг цагаатган ажиллаад байна.