Уул уурхайн сайд Р.Жигжид энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын уурхайн үйл ажиллагаатай газар дээр танилцсан байна. Уул уурхайн сайдын хамт Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ч.Амартүвшин, ШУА-ын Газар зүй, геологийн цэвдэг судлалын салбарын дарга А.Дашцэрэн нарын албаны хүмүүс “Сентерра гоулд” компани лиценз эзэмшдэг Гацууртын ордын нөхцөл байдалтай танилцсан.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус орд газарт “нинжа” нар дайран орсон гэсэн мэдээлэл нийтлэгдэж байна. Уул уурхайн сайд тэргүүтэй албаны хүмүүсийг тус ордын үйл ажиллагаатай танилцах үеэр Гацууртын орд газарт “нинжа” нар хэдий нь “эзэн” суусан байлаа. Тус орд газрыг Мандал сумын Засаг даргын захирамжийн дагуу “Бүрэнцэнгэл” харуул хамгаалалтын компани, сумын цагдаагийн бие бүрэлдэхүүн хамгаалалтанд авсан боловч “хүчин мөхөсдөж” байгаа талаараа салбарынхаа сайдад уламжилж байлаа. Дашрамд дурдахад энэ сарын 10-аас 11-нд шилжих шөнө 300 гаруй “нинжа” “Сентерра гоулд” компани лиценз эзэмшдэг Гацууртын орд газарт хууль бусаар нэвтэрсэн байна. Энэ үеэр 1 “нинжа” шороонд дарагдаж эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээлэл байна. Гацууртын ордод ердийн өдрүүдэд дунджаар 50-60 “нинжа” алт ухахаар ирдэг талаар “Бүрэнцэнгэл” компанийн харуул хамгаалалтын менежер Д.Нямдорж танилцууллаа.
Гацууртын ордын тухайд УИХ-ын тогтоол гарч стратегийн ордод хамааруулсан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг авч чадаагүй.
Уул уурхайн сайд Р.Жигжид “Эдийн засаг хүндэрсэн ийм үед ашиглахад бэлэн болсон орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах бодлогыг Засгийн газар баримталж байгаа. Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар Монголбанкинд жилдээ 5 тн орчим алт тушаагдана гэсэн тооцоо бий. Ингэснээр Монголбанк алтаа барьцаалж гадаад улсаас валют татаж улсынхаа эдийн засагт томоохон түлхэц өгнө гэж харж байгаа” гэлээ. Гацууртын орд нь эдийн засгийн үр ашигтай 50 орчим тонн алтны нөөцтэй. Нийт 303 га талбайд олборлолт явуулахаас 143 га нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай байна. Энд нэг зүйлийг онцлоход Гацууртын ордыг ашиглахад химийн хорт бодис ашиглахгүй юм байна. Олборлосон хүдрээ авто замаар тээвэрлэж өмнө нь ашиглаж байсан Бороогийн баяжуулах үйлдвэрт боловсруулах юм. Тус ордын борлуулалтын орлогын 69 хувь, нийт зардлын 81 хувийг Монгол Улсад зарцуулна. Улсын төсөвт нийт татвар хураамж, төлбөр хэлбэрээр 659 тэрбум төгрөг оруулах тооцоог урьдчилсан байдлаар гаргаад байна.
Гацууртын ордыг ашиглаж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үеэр иргэний хөдөлгөөнийхөн энэ орд газарт түүхийн хосгүй үнэт эртний булш, бунхан байдаг. Үүнийг “үгүй хийх” нь гэж эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ч.Амартүвшин хэлэхдээ “Гацууртын ордын нөлөөллийн бүсэд эртний булш, бунхан түүхийн олдвор илрээгүй. Харин Бороогийн уурхайгаас Гацуурт хүртэлх авто зам дагуу хүрэл зэвсэгийн үеийн цөөн тооны булш олдсон” гэлээ.
Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймагт ажиллах үеэр бичил уурхайн үйл ажиллагаа эрхэлж байгаа “Дууш мандал хайрхан” холбоо ТББ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Тус холбоо 2008 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 500 гаруй гар аргаар алт олборлогчийг эгнээндээ нэгтгэж нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсон байна. Энэхүү нөхөрлөл нь Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай” төсөлд хамрагдаж алтны баяжуулах цехийг байгуулсан байна. Тус алтны баяжуулах цех нь “Дууш мандал хайрхан” холбооны гишүүдийнхээ олборлосон хүдрийг баяжуулдаг юм байна. Нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсон гар аргаар алт олборлогчдын хувьд сумынхаа удирдлагатай холбоо хамтран ажилладаг
гэдгээ “Дууш мандал хайрхан” холбооны захирал Д.Туяа танилцууллаа. Харин нөхөрлөлийн зохион байгуулалтанд ороогүй хувиараа алт олборлогчдын тоо нэмэгдэх болсон байна.