Сөүл хотын дарга Пак Вонсүнд өнөөдөр МУИС-ийн хүндэт доктор олголоо. Сөүл хотын Захирагчаар 2006 оноос эхлэн сонгогдон ажиллаж байгаа Пак Вонсүн нь оюутан цагаасаа эхлэн ардчилал хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч байжээ. Тэрээр 1956 онд төрсөн. 1980-аад оноос эхлэн төрийн албанд ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд Сөүл хотын Захирагчаар сонгогдон 2 дахь удаагаа улиран ажиллаж байгаа юм байна. Түүнд “Хүндэд доктор” цол олгох ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Монголын Улсын Их сургуулийн хүндэт доктор цол хүртсэн танд нийт нийслэлчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе. Пак Вонсүн дарга бол хүний эрх, эрх чөлөөг ямар үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг ойлгуулахын төлөө улсдаа маш их зүйл хийсэн хүн. Нэг олдсон амьдралаа хүн өөрөө удирдаж чадахгүй байна гэдэг хамгийн эмгэнэлтэй. Дарангуйлал бол хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн байх боломжийг үгүй болгодог юм. Харин өөрөө өөртөө эзэн байх, өөрийнхөө эрхээр амьдралаа бүтээх тэр боломжийг ардчилал өгдөг.Тийм ч учраас ардчиллын төлөө, ардчиллын үнэт зүйлийн төлөө зүтгэж явсан Пак ВонСүн эдүгээ Сөүл хотын даргаар сонгогдож, Сөүл хотынхоо иргэдийн сайн сайхан амьдралын төлөө ажиллаж байна. Хүний эрхэнд жаргахаар, Өөрийн эрхээр зов гэсэн Монгол ардын зүйр үг бий. Энэ үг бол ардчиллыг тодорхойлсон хамгийн үнэн үг гэж би ойлгодог. Зөвхөн Сөүл хотын иргэдийн төлөө төдийгүй, БНСУ-ын төлөө маш том гавъяа байгуулсан энэхүү эрхэм хүнд МУИС хүндэт доктор цол олгож байгаа нь нэр төрийн хэрэг юм” гэлээ.
МУИС-ийн хүндэт доктор Пак Вонсүн оюутан залууст зориулан “Хамтын мөрөөдөл биелэх хүчтэй” 21-р зууны нүүдэллэхүй, нээлт, нэгдэл, харилцаа, хамтын ажиллагааны дүнд цогцлоох нэгэн орчин” сэдвээр лекц уншлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.