Үүний тулд манай редакцын зүгээс иргэдийг ихээр хохироож байгаа Ургах наран хорооллын чанарын асуудлын талаар сануулмаар байна.
Уршиг дагуулсан “Ургах наран” хорооллыг буулгая
“Хотын захад байрлалтай цэвэр агаартай, чимээ шуугианаас ангид баригдсан, урьдчилгаа төлбөр ердөө 10 хувийг төлөөд Хас банкны 8%-ын зээлд хамрагдах боломжтой, ашиглалтанд орсон орон сууцанд 2 өрөө байр зарна” гэсэн их л боломжын юм шиг сэтгэгдэл төрүүлж буй зарын дагуу очиж үзсэн хүн бүр “Өө энэ чинь нөгөө хөлдүү, үмхий, гээд байдаг “Ургах наран” хороолол л байна шдээ” гээд шагайж ч харалгүй буцах нь олонтоо болжээ. Сонирхсон иргэд ч гэлтгүй оршин суугчид нь хүртэл “Ургах наран” хорооллоос байр авсандаа амаа барин сууна.
Учир юу гэхээр “Ургах наран” хорооллын байрууд жигд сайн халдаггүй, зарим нь хэтэрхий хүйтэн гэх гомдол тасрахгүй байгаа аж. Түүнээс гадна хамгийн эмгэнэлтэй нэг зүйл гэвэл тус хороололд бохирын системийг нь технологийн дагуу зөв шийдээгүй тул бохир нь хальж гол ус бохирдуулан, хүн мал хордуулах аюул нүүрлээд байна. Ялангуяа хорооллын баруун жигүүрт байгаа айлууд нь бохирын өмхий үнэр дунд амьсгал давчдаж суугаа ажээ. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд байрлах энэхүү хороололд голдуу хотын утаанаас дайжсан ахмад настнууд, бага насны хүүхэдтэй гэр бүл олон амьдардаг байна.
Тус орон сууцны барилгын гаднах орчин хогонд дарагдаж, бохир заваан байснаас гадна өнгөлгөөний шавар нь хөндийрөн ховхорсон, хананд нь цууралт өгч, шалны плита хэсэг хэсгээрээ ховхорч, эмтэрсэн, зарим булан тохойгоороо мөөгөнцөртсөн байдалтай байдаг.
Тэгвэл тус хорооллын дулааныг холгүйхэн барьсан уурын зуухнаас хангадаг бөгөөд уурын зуухны халаалт үе үе доголдож, 2011 онд Ургах наран хороолол хөлдөх шатандаа орж бас бөөн асуудал дэгдээж байсан удаатай. Тэр үед Халаалт зуух ашиглалтын зохицуулалтын газраас шалгалт хийхэд хүн ажилладаг гэхэд үнэхээр хэцүү орчинтой, битүү угаар алдсан, уурын зуухны хоёр ул ширэм элэгдэлд орж хугарсан бөгөөд түр хугацаанд төмөр утсаар боогоод хөдөлгөж байсан хэзээ л бол хэзээ эвдрэх, найдваргүй болж, ар тал нь битүү цан цохисон байдалтай басныг албаны хүн мэдээллэж байсан.
Барилга ашиглалтанд орсноос хойш иймэрхүү байдалтай байгаа оршин суугчидын анхнаасаа л чанар, зохион байгуулалтгүй баригдсан ургах наран хороололд өгөх гомдол “үргэлж хальж урсадаг бохир усны асуудал”-аар эцэслэгдэхгүй байна. Тухайлбал хорооллын баруун урд зүгт холгүй орших бохир усны цооног үргэлж хальчихсан байдаг юм.Учир нь хорооллын бохирын шугам нь төвийн систед холбогдоогүй. Тиймээс орон сууцныхаа ойр бохирын цооног гаргаж, цооногт хуримтлагдсан бохир усыг зөөвөрлөдөг аж. Харин хорооллыг бариулсан “Блю скай партнерс” ХХК “Маргад эрдэнэ” гэдэг коипанитай гэрээ хийж, бохир усыг соруулж, зөөвөрлөдөг байсан ч төлбөрөө төлж чадахгүй болсон байна.
“Ургах наран” хорооллын бохир нь жилийн дөрвөн улиралд хальж байдаг гэвэл буруу дуугарсан л лав болохгүй. Өнгөрсөн зун л гэхэд бохир нь байнга халиастай байсныг оршин суугчид дуу нэгтэйгээр хэлсэн юм. Анх энэ цооногыг 120 айлд зориулж хийж байсан бөгөөд одоо айлууд нь нэмэгдэж 400 гарсан учир бохир усны цооног ачааллаа дийлэхгүй байгаа ажээ.Уг нь ачаалалдаа тааруулж томруулаад явсан бол ийм асуудал үүсэхгүй байх байжээ.
Энэ хороолол угтаа бол хотын төвөөс арай захдуу буюу бидний ярьдагаар эрүүл агаарт, эрүүл хөрсөн дээр баригдсан юм. Гэвч одоо бол эрүүл орчинг сүйтгэж, бохир нь хальж газрын хөрсөнд шингэж байна. Газрын хөрсөнд шингэж байна гэдэг хүн, малын эрүүл мэндэд заналхийлж байгаа хэрэг юм. Энэ асуудлыг шийдвэрлэхгүй бол өнөө маргааш биш юмаа гэхэд хэдэн жилийн дараа энэ хавьд амьдардаг хүмүүс төдийгүй Улаанбаатарын 1.2 сая хүний эрүүл мэнд, ундны ус, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх аюулч энд нуүрлэж, элдэв өвчин тусах эрсдэл өндөр болоод байна. Мөн “Ургах наран хороолол” нь өвөл цагт хөлдөх магадлал өндөртэй, байгалын гамшиг газар хөдлөлтөнд тэсвэргүй, барилгын дотно, гадна орчин маш бохир заваан гээд орон сууцны шаардлага хангахгүй маш муу барилгуудыг тэргүүлж байна.
Б.Хишигмаа