МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд өчигдөр ямар өдөр байв даа. Үдээс өмнөхөн түүний хүү, Монголбанкны Ерөнхийлөгч Э.Батшугарын гэргий нярайлж, түүнийг өвөө болгосон тухай баярт мэдээ цацагдсан юм. Гэвч төд удалгүй үдээс хойш нь түүний гэр бүл, ойр тойрныхонтой нь холбоотой таагүй үйл явдалууд ар араасаа хөвөрлөө.
Авлигатай тэмцэх газраас МАХН-ын дарга Н.Энхбаярын гэрт 14:00 цагаас эхлэн оройны 21:00 цаг хүртэл нэгжлэг хийж, улмаар эхнэр О.Цолмонг нь хүртэл байцаагаад авчээ. Н.Энхбаярын хэргийг шүүхээр эцэслэн шийдсэн ч ийнхүү гэрт нь нэгжлэг хийх болсон нь олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Т.Билэгт Монголд ирж, саатуулагдан шалгагдаж байгаатай холбоотой хэмээн хэвлэлийнхэн таамаглаж байгаа юм. Н.Энхбаярын гэрт удтал нэгжлэг хийсний эцэст гэрээс нь бор хайрцагтай зүйл авч явсан нь анхаарал татаж байгаа билээ. Бор хайрцагт чухал нууц бичиг баримтууд байсан байх гэсэн таамаг байгаа юм. Гэрт нь нэгжлэг хийсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан, БОНХ-ийн дэд сайд, Н.Энхбаярын шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулга болон намынх нь гишүүд ирж гэрт орохоор завдсан ч олон давхар хамгаалалтыг нэвтэлж чадаагүй юм.
Мөн энэ үйл явдалтай зэрэгцэн Н.Энхбаярын хүү Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын сүйт бүсгүй Т.Даариймаагийн аавын гэрт хуулийнхан нэвтэржээ. Э.Батшугарын хадмынх болох С.Төмөрийнд АТГ-ын мөрдөн байцаах хэлтэсийн ажилтнууд орж, гэрийнх нь эд зүйлийг битүүмчилээд буцжээ. Э.Батшугарын хадмын гэрийг битүүмжилэх болсон нь Н.Энхбаяртай мөн л холбогдож байгаа гэнэ. Түүнчлэн О.Цолмонгийн төрсөн дүүг нь соёлын үнэт өв хилээр гаргасан хэргээр баривчилсан талаар мэдээлэл байна.
Н.Энхбаярын гэрт нь нэгжлэг хийж, эхнэрийг нь байцаасан, Э.Батшугарын хадмын гэрийг нь битүүмжилсэн, О.Цолмонгийн дүүг нь баривчилсан гээд олон таагүй үйл явдал өчигдөр өрнөлөө. АТГ-ынхан өчигдөр Н.Энхбаярын ойр тойрон, гэр бүлийнхэнтэй ийнхүү тулж ажиллажээ. Нийт таван газар нэгжлэг хийсэн гэх мэдээлэл байна.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр Клиникийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд түүний биеийн байдал тааруу байгаа гэж намынхан нь мэдэгдэж буй. Өчигдөрийн дээрх үйл явдал нь Н.Энхбаярын “хар өдрүүд”-ийн нэг байлаа гэж хэлж болохоор байна.
Т.Түвшин
Ugluu.mn