УИХ-ын даргын илгээлт

“Монголд үйлдвэрлэв. Аж үйлдвэрийн чуулган-2015”-д оролцогчдод

JAV_26-1Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

“Монголд үйлдвэрлэв” уриан дор зохион байгуулагдаж буй аж үйлдвэрийн анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид, үйлдвэрлэл эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Та бүхэнд Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Улс орны хөгжлийн үндэс суурь нь том ч бай, жижиг ч бай нэмүү үнэ цэнэ шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, баялаг бүтээх явдал байдаг. Бид уул уурхайгаас хэт хамааралтай жижиг эдийн засагтай улс. Тийм ч учраас манай эдийн засаг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ ханшаас хэт хамаарч, хүчтэй савлагаанд байнга өртөж байдаг. Одоо энэ байдлаас салах цаг болсон.
Сүүлийн жилүүдэд төр засгаас  үйлдвэрлэл, экспортыг дэмжих бодлогыг идэвхтэй явуулж ирлээ. Улсын Их Хурал 2015 онд “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол, “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг баталлаа. Цаашид аж үйлдвэрийн салбарт дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгохыг тууштай дэмжиж, үйлдвэржилтийг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх чиглэл болгон идэвхтэй ажиллах хэрэгтэй байна.

Төрийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийсэн худалдан авалтанд чанар, стандартын шаардлага хангасан үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд сонгох, эх орондоо үйлдвэрлэж байгаа 370 орчим нэр төрлийн барааг импортлоход ногдуулж байсан 5 хувийн гаалийн албан татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлж, түүхий болон анхан шатны боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг гадаадад гаргахад нэмэгдсэн өртгийн албан татвар төлдөг болох зэрэг өөрчлөлтүүдийг холбогдох хуулиудад оруулж, үйлдвэрлэл эрхлэгчдээ татварын бодлогоор дэмжих эхлэлийг тавилаа.

УИХ-аар Монгол улс, Япон улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон баталсан нь манай аж үйлдвэрийн хөгжилтэд чухал түлхэц болно гэж үзэж байна. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж эхэлснээр аж үйлдвэр өндөр хөгжсөн Япон улстай хүн, эд материал, мөнгө, мэдээлэл зэргийг ямар ч саадгүйгээр харилцан солилцох эрх зүйн орчин бүрдэнэ. Мөн УИХ-ын даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлж,  “Талын зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ОХУ руу хийх экспортыг нэмэгдүүлж, экспортлох бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хөндөж тавьсан.

“Чингис”, “Самурай” бондыг их бүтээн байгуулалтад чиглүүлснээр эрчим хүч,  дэд бүтэц, зам тээвэр, барилгын салбар болон уул уурхай, хөдөө аж ахуйн салбарын боловсруулах үйлдвэрлэл эрчимтэй хөгжих боломж бүрдэж байна.  Үүнээс гадна аймаг, нийслэл, сум дүүрэгт  орон нутгийн хөгжлийн сан, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгө оруулалтаар хэдэн мянгаар тоологдох жижиг дунд үйлдвэр, аж ахуйн нэгж бий болсон нь хөгжилд хөтөлсөн сайн дүр зураг гэж харж байна.
Миний бие энэ жил бондын санхүүжилтээр өргөтгөсөн болон шинээр байгуулсан үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Үйлдвэр, компаниуд орчин үеийн технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлж  дэлхийн жишигт нийцсэн чанар, стандарт бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө чармайн ажиллаж,  мөн аймаг, нийслэлийг холбосон, орон нутгийн дотоод сүлжээний авто замын бүтээн байгуулалтыг эрчимтэй явуулснаар олон зуун ажлын байр бий болж эхэлсэн байна.

Монгол улс хэрэглэгч, худалдан авагч орон гэдэг хаягтайгаар өнөөдрийг хүртэл явж ирлээ. Тэгвэл энэ байдлыг өөрчилж үйлдвэрлэгч, бүтээгч орон гэдэг шинэ дүр төрхийг бүтээхийн тулд эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, дэлхийн томоохон зах зээлүүдийн төв дунд оршдог газар зүйн байршлынхаа давуу тал, түүхий эдийн баялаг нөөцдөө тулгуурласан үйлдвэрлэл, худалдааг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэн, эдийн засгаа олон тулгууртай болгон бүтээн байгуулахын төлөө бид бүгдээр санал нэгдэн ажиллах учиртай.
Аж үйлдвэрийг хөгжүүлэх гэдэг бол тасралтгүй, үр ашигтайгаар суралцах үйл явц гэдгийг бид сайтар ухамсарлавал зохино. Дэвшилтэт технологид суралцаж, улмаар өөрсдийн гэсэн шинэ технологи бүтээхийг зорихийн сацуу аж үйлдвэрийг удирдах ухаан, орчин цагийн менежментэд суралцаж, үндэсний шинж, агуулга бүхий соёлыг бүтээж нутагшуулах нь чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

Аж үйлдвэрийн  анхдугаар чуулганаар төр, их дээд сургууль, аж үйлдвэр гэсэн гурвалсан хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлэх талаар чухал санал санаачлага дэвшүүлж, үйлдвэрлэл эрхлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлуудад шийдэл олсон чухал арга хэмжээ болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, хурлын ажиллагаанд амжилт хүсье.

 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                Зандаахүүгийн ЭНХБОЛД

Улаанбаатар хот 2015.10.16

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …