Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал 10 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Тариалан сум, Архангай аймаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад ажиллалаа.
Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал унтраах, аврах 4 дүгээр зэрэглэлийн анги байгуулах шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хэрэгжилтийн хүрээнд тус суманд байгуулагдах ангийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай танилцаж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалай болон орон нутгийн бусад удирдлагатай уулзалт ярилцлагга хийн, газар дээр нь шаардлагатай асуудлыг шийдвэрлэсэн.
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын зорилго зорилтыг хэрэгжүүлэх, гал түймэр, гамшиг ослын аюулаас ард иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, урьдчилан сэргийлэх ариун үйлсэд дэмжлэг туслалцаа үзүүлэн, хамтран ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Батбаяр, мөн аймгийн Хилийн цэргийн 0257 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батбаяр нарыг “Онцгой байдлын албаны төлөө-2” тэмдгээр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Засаг дарга Ц.Хөвсгөлдалайг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр тус тус шагнаж урамшууллаа.
Онцгой байдлын албаны баримталж байгаа цаашдын чиг хандлага, бодлого, орон нутгаас гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, цаашид энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, бодлогын чиг баримт болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Засаг дарга Б.Төрмөнх нартай уулзах үеэрээ харилцан санал солилцов.
Мөн Онцгой байдлын газар, Гал унтраах аврах ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт ярилцлагыг хийж, Онцгой байдлын ерөнхий газраас энэ онд авч хэрэгжүүлж байгаа бодлогын бичиг баримт, ажлын тайланг танилцуулан, албан хаагчдын ажиллах нөхцөл боломж, хувцас хэрэглэл, багаж тоног төхөөрөмжийн хангалт болон нийгмийн асуудлын чиглэлээр санал хүсэлтийг хүлээн авч, асуудлыг тухай бүр нь шийдэж ажиллалаа.
Архангай аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин баригдаж байгаа Гал унтраах, аврах ангийн барилга угсралтын ажилтай танилцан, барилгын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай нэмэлтийг хийж гүйцэтгэх талаар үүрэг даалгавар өгч, барилга угсралт удаашралтай байгааг сануулан, гэрээний дагуу цаг хугацаанд нь чанартай ашиглалтад оруулж, хүлээлгэн өгөхийг үүрэг болголоо.
Мөн орон нутгийн Хөвсгөл аймгийн “Мөрөн” телевиз, Архангай аймгийн “AB” телевизийн сэтгүүлчдэд Онцгой байдлын албаны хэрэгжүүлж байгаа бодлого чиглэл, цаашдын зорилт, Хөвсгөл, Архангай аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлж, сонирхсон асуултад тодорхой хариултыг өгч байв.
Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 217 дугаар зарлигаар батлагдсан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчид цол олгох журмын 2.2.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн эрхэлсэн ажилдаа амжилт гарган, үр бүтээлтэй ажилласан Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 39 дүгээр ангийн захирагч, онцгой байдлын ахмад И.Амартүвшинг хугацааны өмнө онцгой байдлын хошууч цолоор шагнаж урамшуулсан. Мөн ангийн аврагч, гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Б.Ганзориг, онцгой байдлын ахлах ахлагч С.Батцоож нарт “Онцгой байдлын албаны төлөө-1” тэмдэг олголоо.