Өнөөдөр Монголын Ногоон намаас санаачлан Засгийн газрын 11-р байрны хурлын дугуй зааланд “Хямрал ба дөрөвдэх засаглал” сэдэвт онол практикийн бага хурлыг 10:00-13:00 цагийн хооронд зохион байгуулж байна. Энэхүү хуралд МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй Монголын Сайтын Холбоо, Монголын өдөр тутмын сонинуудын холбоо, Монголын телевизүүдийн холбоо, Монголын ФМ-ын холбоо зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын холбоод болон МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхимийн багш судлаачид оролцон илтгэл тавьж, мэдээлэл солилцож байна. МНН-ын дарга О.Бум-Ялагч тавьсан илтгэлдээ: “… Монголын хэвлэл мэдээллийн орон зайд, тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс 4 дэх засаглалыг “бодитой” хийж байгаа хүн бол нийтлэлч Баабар юм. Тэрбээр гадна дотноос үзүүлж байгаа санхүүгийн боломж, төрийн далд дэмжлэг, өөрийн бичлэгийн онцлогоороо дамжуулан 4 дэх засаглалыг бодитой “хэрэгжүүлж” чадаж байна гэж үзэхээр байна. Сэтгүүлчид Баабар шиг бусдын захиалгаар мэдээлэл бичиж олон нийтийг төөрөгдөлд оруулдаггүй байгаасай гэж хүсэх байна” гэлээ.
Ц.Мөнх
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл


