Өчигдөрхөн л “Монгол бахархлын өдөр” буюу Чингис хааны мэндэлсэн өдрийг сүр дуулиантайхан тэмдэглэж, басхүү төрийн түшээд нь жирийн иргэдийн нүдэнд харагдаж, гарт баригдахгүй хийсэн, бүтээсэн ажлаа өөр хоорондоо хуучлан ярьж бахархсансан. Тэгвэл ганцхан өдрийн дараа Монгол Улс, Монголын ард түмэн томчуудын хий хоосон бахархлын дор хэрхэн туйлдаж буйг гэрчлэх өөрийгөө шатаасан хэрэг өнөөдөр гарлаа. Тодруулбал, төрийн ордноос зүүн тийш ганцхан 100 метрийн зайд орших “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв” хэвлэлийн бага хурлын үеэр “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө олны өмнө шатааж, иргэд ч энэ үйлдэлд ихээхэн бухимдаж, төрийн харааж зүхэв. Төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн дотоод хэрэгт “Эхнэрийнхээ гал тогооны асуудалд хэтэрхий оролцож хэмнэхийг зааж, тэгсэн атлаа гарч ирсэн хоолыг нь бага байна хэмээдэг эр хүн” шиг төр хэтэрхий оролцож, ажилчдыг нь зальжин аргаар халах гэснээс дээрх компанийн ажилчид эсэргүүцлээ илэрхийлсээр өнөөг хүрсэн юм. Түүнчлэн өнөөдөр “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийхээр зарлаж, хурал дээр эцсийн аргаа хэрэглэв бололтой, тэмцлийн хамгийн хурц хэлбэрийг үзүүллээ. Дээр дурдсанчлан хоолноосоо атга мах, ширхэг төмс харамладаг атлаа далдуур хэдэн зуун мянгаар нь үрдэг новшийн эр шиг манай төр “Эрдэнэс Таван Толгой”-н цөөхөн хэдэн ажилчдын цалинг хэмнэхийн оронд хэдэн зуун саяар нь хулгайлж, авлигажиж буй түшээдийнхээ сул цалинг хэмнэмээр. Угаасаа төр оролцохоороо л болохоо больсон манайд түшээд нь хэдэн цаас л салгахаа урьтал болгодог амбиц хэрэгжсээр, хөгжсөөр явна. “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ саяхан “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Монгол ажилчдын цалин 1.5-1.9 сая төгрөг гэж хэлсэн. Ингээд бодохоор сарын сая 500 мянган төгрөгний төлөө өөрийгөө шатаасан дээрх хэрэг Монгол хүний амь ердөө 1.5 саяар үнэлэгдэх болсныг батлав. Уг нь улс орны хамгийн үнэт капитал нь ард түмэн, түүний нэгж хүн ч өдгөө манайд ард түмнийг бус авилгачдыг сонсдог, анхаардаг болсон юм. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны энэ өдөр гаднынхнаас үхтлээ ичдэг манай төрийн түшээдийн хувьд “Монгол гутамшгийн өдөр” бөгөөд энэ өдөр улстөрчдөд томоохон сануулга болов. “Дэлхийн хамгийн хүлцэнгүй ард түмэн” гэгддэг Монголын ард түмнийг өөрийгөө зулын гол болгосон хүний үйлдлээс өмнөх 10 мянгыг хулгайлсан хүнийг Ганц худагт хийж, 10 тэрбумыг хулгайлсан хүнийг Төрийн ордонд залдаг төрийн түшээдийн ямар ч үйлдэл ийнхүү бухимдуулж байгаагүй юм.
Э.Төгс