МАН-ын томчуудад үнэлэгдэж, залуу ч гэсэн өндөр албан тушаалуудыг хашиж явсан Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд асан Д.Зоригт 2012 оны сонгуулийн дараа тэгсхийгээд алга болсон.
Тэгвэл өнгөрсөн хугацааг гадаадад тэр дундаа Европын орнуудаар амьдарч, дугуй унасан шигээ зугаалж явсан мань нөхөр сонгууль дөхсөнтэй холбогдуулан эх орондоо дуртай нь аргагүй ирж, нэр дэвшихээр ажиллаж эхэллээ.
Тэрбээр нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшихээр ажиллаж байгаа бөгөөд сонгогчдын саналыг авахын тулд тэднийг шинэ жилд оруулахаар болжээ. Ингэхдээ МАН-ын хайрт ах, өөрийг Эрдэс баялгийн сайдаар ажиллаж байхад Ерөнхий сайдаар ажиллаж байсан Сү.Батболдын Чингис зочид буудалд захиалга өгч, бизнесийг 285 сая төгрөгөөр дэмжжээ.
Өөрөөр хэлбэл, Чингэлтэй дүүргийн сонгогчдын саналын авахын тулд Д.Зоригт тус дүүргийн иргэдийг Чингис зочид буудалд урьж, шинэ жил хийхээр болжээ. Мань хүн нэг хорооноос 150 хүнийг нэг хүний 100000 төгрөгийн такстайгаар шинэ жилдүүлэх аж. Тэгэхээр 19 хороотой Чингэлтэй дүүргээс нэг хорооноос 150 хүн гэхээр нийт 285 сая төгрөг болж байна. Эрдэс баялаг, эрчим хүчний сайд байхдаа идэж уусан гэгддэг “Оюу Толгой”-н гэрээг батлалцаж явсан Д.Зоригтын хувьд 285 сая төгрөг юу ч биш бөгөөд мань хүнийг овоо хэдэн цаас цохисон гэдгийг ч шинэ жилийн арга хэмжээ батлаад байх шиг. Гадаад хэргийн яам, Сангийн яам, Бодлого зохицуулалтын газар, Үйлдвэр, худалдааны яаманд хар залуугаараа ажиллаж байсан тэрбээр Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар зургаахан сар ажиллаж байгаад “Эрдэнэс MGL” 100 хувь төрийн оролцоотой компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд басхүү “Таван Толгой”, “Оюу Толгой”-н ажлын хэсэгт нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Магадгүй түүний хоёр том толгой дээр ажиллаж байсан нь Эрдэс баялгийн яамыг толгойлох хэмжээнд хүргэсэн биз.
Харин сонгуулийн өмнө сонгогчдын саналыг худалдаж авахын тулд зуу, зуун саяар нь цацаж байгаа түүнийг дээрх ажилласан газруудаасаа үүнээс ч их мөнгө халаасалж нөгөө Төрөөс төрсөн тэрбумтан байх магадлалтайг илтгээд ч байх шиг. Ямартай ч, овоо хэдэн төгрөг цуглуулж, түүнийгээ хав дарсан байсан Д.Зоригт гишүүн асан түүнийгээ сонгуулиар гарган ирж, дахин гишүүн болохоор улайрч эхэллээ.
эх сурвалж: undesten.mn