Ц.Баярмаа: Ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлж, хуванцар савны хэрэглээг хална

12431246_871148549672386_1658278661_nХХААЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

-Өнөөдрийн нийгэмд хүнсний аюулгүй байдал чухлаар тавигдах боллоо. Яамны зүгээс хүнсний аюулгүй байдлын талаар энэ жил ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн бэ. Ажлын үр дүн бодит байдал дээр хэрхэн тусаж байгаа вэ?

-Манай газар хүнсний үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах зорилт тавин ажиллаж байна.
Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 19 журмыг батлуулан хэрэгжүүлж байна.
Дээрх хуулинд үйлдвэрлэгч, импортлогч нь зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангах, хувь хүн хүнс импортлохыг хориглох, шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татах, бүтээгдэхүүний гарал үүсэл, ул мөрийг мөшгин тогтоох зэрэг зохицуулалтыг олон улсын жишгийн дагуу тогтоож, малчны хот, тариан талбайгаас хэрэглэгчийн ширээ хүртэлх хүнсний сүлжээний бүх үе шатанд мөрдөж байна.

-Хүнсний тухай хууль болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Органик хүнсийг баталгаажуулахаар яригдаж байгаа юм байна. Тэгэхээр ингэж баталгаажуулах нь ямар ач холбогдолтой юм бэ?           

-Органик хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг 2015 оны 7-р сарын 09-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж дэмжсэн. “Органик хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы болон БОХХААБХ-ны хуралдааны хэлэлцүүлэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг”-ийг  тус байнгын хорооны 2015 оны 08 дугаар тогтоолоор байгуулан ажиллаж байна. Байгалийн хувьд харьцангуй цэвэр, унаган төрхөө хадгалсан манай улсын хувьд энэ давуу талаа ашиглан органик хүнсний монгол брэндийг бий болгон гадаад, дотоодын зах зээлд гаргах нь малчид, тариаланчид, үйлдвэрлэгчдийг дэмжиж, экспортыг нэмэгдүүлэх, экологийн баримжаатай бодлогыг хэрэгжүүлэх ач холбогдолтой юм.

Органик хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрлэл эрхлэх эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор гол нь бүтээгдэхүүний баталгаажуулалтын тогтолцоо  бүрдэх юм. Органик шошготой болсны дараа бусад бараа бүтээгдэхүүнээс илүү орлого олох боломж нь органик хүнс үйлдвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдэд боломж, бололцоотой болно. Олон улсын хэмжээнд органик бараа бүтээгдэхүүнээ экспортлох боломж нэмэгдэх учраас ач  холбогдолтой  юм.

 -Ерөнхийлөгчийн ивээл дор шингэн сүүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Сүүтэй Монгол” үндэсний аянг хэрэгжүүлж байгаа талаар мэдээлж байсан. Аяны хүрээнд шингэн сүүний хэрэглээ өмнөх онуудтай харьцуулахад хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Сүүтэй Монгол” үндэсний аянг  2015 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Аяныг МУ-ын ЕТГ, ХХААЯ, ЭМСЯ, БСШУЯ, ШӨХТГ, НЗДТГ, НМХГ, НЭМҮТ, МХХ, СҮТХЗ, НҮБ-ын Нэмүү өртгийн сүлжээ төсөл, Глобал Коммунитис ОУБ, EMIRGE хөтөлбөр, НХЭАШН, Сүүний нэгдсэн холбоо, Сүүний үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулж байна.

Орон нутагт аяныг зохион байгуулах удирдамжийг боловсруулан, батлуулж Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Архангай, Хэнтий, Хөвсгөл, Булган аймгуудад хүргүүлсэн. Үүнээс: Хэнтий аймгийн ЗДТГ, ХХААГ-ууд хамтран энэ оны зургаадугаар сард “Сүүтэй Монгол” Үндэсний аяны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, Аяны тугийг Баянхутагт сумаас эхлэн явуулж байна. Бусад аймгууд энэ оны наймдугаар сараас эхлэн аяныг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажил хангаж байна.

Манай сүүний салбарынхан Энэтхэг улсын Гужарат мужад сүүн бүтээгдэхүүний маркетингийн нэгдлийн хамтын ажиллагааны хүрээнд Амулын тогтолцоотой танилцах аялал хийж, туршлага солилцсоны дагуу хамтран ажиллахаар саяхан хэлэлцүүлэг хийж, төлөвлөгөө гаргаад байна. Аяны гол зорилго нь эх орондоо бэлтгэсэн сүүгээр олон төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэгчдэд өдөр тутуам хоол хүнсэндээ үндэсний үйлдвэрийнхээ шинэлэг сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлснээр эрүүл амьдрах нөхцлийг бүрдүүлэх юм. Энэ аяны гол үр дүн нь шингэн сүүний хэрэглээг нэмэгдүүлэх бөгөөд 2015 оны 6 сарын байдлаар 568.1 тонн хуурай сүү импортолсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 дахин буурсан байна.

-Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар “Мах” хөтөлбөрийг баталлаа. Тус хөтөлбөрийн хэрэгжүүлснээр ямар үр дүн гаргана гэж хүлээж байгаа вэ. Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх чухал ажлуудаас дурьдвал?

-Малын махны нөөц бүрдүүлэх, экспортыг дэмжих зорилгоор ”Мах“ хөтөлбөрийг батлуулсан. Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн байдлаар хүнсэнд хэрэглэсэн мах болон махан бүтээгдэхүүнийг ясгүй маханд шилжүүлэн тооцоход нийт хүн амын махны хэрэглээнд хонины мах 30,3%, үхрийн мах 25,1%, ямааны мах 21,1%, адууны мах 15,6%, тэмээний мах 2,8%, гахай, шувууны мах болон бусад махан бүтээгдэхүүн 5,2%-ийг эзэлж байна.

Дотооддоо жилд дунджаар 10,0 сая толгой мал хэрэгцээлдэг гэж тооцвол 2015-2016 онд экспортод 5,6 сая толгой мал буюу нийт 128,5 мян.тонн мах экспортлох боломж байна. Гэвч гадаад хорио цээрийн нөхцөл байдал болон мах экспортлох эрх бүхий дотоодын аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхи сул, малчдаас мал худалдан авах бэлэн мөнгө хүрэлцээгүй байгаагаас махны экспорт дээрх хэмжээнд хүртэл нэмэгдэж чадахгүй байна.

Махны долоон үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг ОХУ-д нийлүүлэхэд түр хязгаарлалт тавьсныг цуцласан бөгөөд нядалгааны 15 үйлдвэр, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах зургаан  үйлдвэрүүдэд хийсэн эрсдлийн үнэлгээний хариуг ирүүлснээр Вьетнам улсад мах экспортлох болно.

Экспортлох махны хэмжээг нэмэгдүүлэх, ялангуяа БНХАУ-д мах экспортлох боломжийг нээх, махны чанар, эрүүл, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулдаг чадавхитай болох, нөгөө талаас энэ жилийн зуншлагын байдал, учирч болзошгүй цаг агаарын хүндрэлээс сэргийлж өвөлжих малын тоог цөөлөх, махны дотоодын зах зээлийн үнийг тогтворжуулах, дотоод хэрэгцээнээс илүүдэлтэй байгаа нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортыг нэмэгдүүлэх, малчдын амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд мах бэлтгэдэг, экспортолдог аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд хүнсний бүтээгдэхүүний импортоос хараат байдлыг багасгах, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүнсний эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан тухайн жилд экспортлох, импортлох стратегийн хүнсний (мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны ус) нэр төрөл, тоо хэмжээг тогтоох, зөвшөөрөл олгох тарифын зохицуулалтыг хийж байна.

-Манай улсын хувьд хүнсний сав баглаа боодлын асуудал сүүлийн  үед хүчтэй яригдаж эхэллээ. Өмнө нь иргэд бараг аюултай гэдгийг нь ч мэдэхгүй хүнсэндээ хэрэглэдэг байсан бол одоо аль болох аюул багатайг нь сонгохыг хичээх болсон байна. Гэвч зах зээл дээр сонголт хийх боломж нь хомс байгаа юм шиг харагдаад байна. Энэ талд дээр яамны зүгээс ямар ажил хийж байгаа вэ?

-“Хүнсний сав баглаа боодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг сая 12 сард хийсэн.

Манай улсын хувьд сүүлийн 20 гаруй жилд хүнсний сав, баглаа боодлын асуудал нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтээр зохицуулагдаж ирсэн бөгөөд эрүүл ахуй, ариун цэврийг сайжруулах, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах импортын болон дотоодын үйлдвэрийн сав баглаа боодол, түүхий эдийн аюулгүй байдал, эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа юм.  ХХАА-н сайдын 2015 онд баталсан “Хүнсний аюулгүй сав” дэд хөтөлбөр дээр суурилан үндэсний хөтөлбөр боловсруулан батлуулахаар төлөвлөж байна.

Хэлэлцүүлэгээс “Хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйг хангах бодлогын хүрээнд хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг төрөөс дэмжих “Хөх сав”-ыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортын бүтээгдэхүүний асуудалд онцгой анхаарч, өндөр хөгжилтэй орнуудын сав баглааны техникийн ерөнхий шаардлага, стандартыг нутагшуулах, ногоон худалдан авалт, ногоон шошгололт, ногоон хөгжил зэргээр ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж хуванцар савны хэрэглээг халах зэрэг зөвлөмж гарган ажиллаж байна.

-ХХААЯ-аас жил бүр “Намрын ногоон өдрүүд” томоохон арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн онцлог нь юу байв. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад худалдан авалт хэр байсан бэ?

 

-Энэ жил Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамт олны хөдөлмөр бүтээлийн баяр “Намрын ногоон өдрүүд-2015” нэгдсэн арга хэмжээг 10  дахь жилдээ хамтран зохион байгуулсан. Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг  хангах, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчдын шилдэг бүтээгдэхүүн, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх зорилго бүхий энэ нэгдсэн арга хэмжээг  “Монгол хүнс-Органик хүнс”сэдвийн дор зохион байгуулсан.

Бид энэ удаагийн арга хэмжээг урьд жилүүдээс өргөн хүрээнд зохион байгуулж, салбарт гарч буй ололт амжилтыг олон нийтэд хүргэхэд анхаарлаа хандуулан ажиллаа. Тухайлбал, Мишээл экспо худалдааны төвд уламжлал ёсоор нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаас гадна Чингисийн талбайд үндэсний хүнс үйлдвэрлэгч тэргүүлэгч үйлдвэрүүдийн 300 ажилчид, хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын 1400 тогоочдын хүндэтгэлийн парадыг, Мастер тогоочдын гарын хоол өдөрлөг, Монгол хүнс-Органик хүнс амталгаат худалдаа,  “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарын улсын 2 дугаар зөвлөгөөн,  зэрэг олон арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Энэ үзэсгэлэн худалдааны үеэр та бүхэн эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургац, үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг шууд үйлдвэрлэгчээс нь худалдан авч өрхийн хүнсний нөөцөө бүрдүүлэх боломжтойн зэрэгцээ хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл эрхлэгчид харилцан туршлагаа солилцож, бизнесийн түншлэлийн холбоо тогтоох сайхан боломж нээлттэй байдаг юм.

-Саяхан батлагдсан “Төрөөс ХХАА-н талаар баримтлах бодлого” –ын цаашдын зорилтын талаар танилцуулна уу?

 

-УИХ-ын чуулганы 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан.  “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь” Улсын Их Хурлаас 2003-2008, 2009-2015 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжин дууссан.

Энэ баримт бичигт мал аж ахуй, газар тариалангийн гаралтай түүхий эд, байгалийн баялгийг уламжлалт болон дэвшилтэт технологиор боловсруулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан шим тэжээллэг, баталгаатай хүнсээр хүн амыг тогтвортой хангах зорилтыг тусгасан.

Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг Монгол Улсын газар зүйн байршил, эко систем, дотоодын болон олон улсын зах зээл, дэд бүтэц, техник технологийн хөгжлийн чиг хандлага, салбар хоорондын уялдаа холбоо зэрэг олон талт хүчин зүйлд тулгуурлаж, салбарын тогтвортой хөгжлийг хадгалан, 2016-2025 оны хооронд хэрэгжихээр төлөвлөсөн.

Энэхүү бодлогыг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг  ханган ажиллахад та бидний оролцоо нэн чухал бөгөөд  төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд мөр зэрэгцэн, дэс дараатай, нарийн төлөвлөгөөтэй хамтран ажиллахыг уриалж байна. Хүнсний салбарын ажиллагсаддаа шинэ оны мэнд дэвшүүлж, хүн амыг эх орны  аюулгүй, органик хүнсээр хангах нэр хүндтэй үйлсдээ их амжилт олохыг хүсэн ерөөе.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …