Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Ираны Улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар өнгөрөгч 23, 24-ний өдрүүдэд тус улсад айлчлаад ирсэн билээ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ираны хэд, хэдэн сайд, томоохон албан тушаалтантай уулзсаны дотор Ираны Газрын тосны сайд Бижан Зангонетай уулзсан явдал ихээхэн анхаарал татаж байна. Учир нь энэ уулзалтын үеэр Орос, Хятадын хооронд хавчуулагдсан Монгол Улс Иранаас газрын тос худалдаж авах боломжтой эсэхийг асууж, Иранаас газрын тос худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Үүнийг ч Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлээд эхэллээ. АНУ тэргүүтэй барууны орнууд Ираныг цөмийн хөтөлбөртөө буулт хийсэнтэй холбогдуулан тус улсын газрын тосны гадаад худалдаанд тавьсан хоригоо цуцлахаар болсон бөгөөд яг хэзээ гэдэг нь тодорхойгүй байгаа ч цуцлагдсанаар Иран Улс газрын тосыг гадагш нь ёстой нэг цутгах шиг болох юм. Дэлхийн гурав дахь том газрын тосны нөөцтэй орон болох Иран Улс олон жилийн хоригийн улмаас дотоодод асар их газрын тосны нөөц, илүүдэлтэй болсон юм. Нөгөө талаас Ираны Газрын тосны Бижан Зангоне “Хэрвээ Хятад, Монгол хэлэлцээрт хүрвэл Иран Улс Монгол газрын тос нийлүүлэхэд асуудал байхгүй” хэмээжээ. Дашрамд дурдахад, байгалийн баялгийн асар их нөөцтэй Персийн булангийн Иран Улс байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дээгүүрт /дэлхийн байгалийн хийн нөөцийн 16 хувь нь Иранд байдаг/ бичигддэг бөгөөд үүнээс гадна нүүрс, зэс, төмөр, манган, цайрын хүдэр, хар тугалгын арвин их нөөцтэй басхүү техник, технологи өндөр хөгжсөн орон юм.
Э.Төгс