17 жилийн хэлмэгдүүлэлтийг АН зогсоох уу

1452656769_zorig

Хэлмэгдүүлэлт хэмээн Орос хэлнээс тун ч зөөлхөн хөрвүүлж Монгол түмнээ хэвшүүлсэн энэ үгний ард асар их уй гашуу, зовлон зүдгүүр, сэтгэлийн шаналал, тамлал тарчлаалт нуугддаг юм. Хэлмэгдүүлэлт гэхээр л дээд цэгтээ хүрч байсан тэртээ 1937 оныг санадаг өнөөгийн нийгэмд ч хэлмэгдүүлэлт янз бүрийн хэлбэрээр оршиж, ард иргэддээ амьдын там гэгч зүйлийг үзүүлж байна. Ардчилал тогтоод 25 жил болж байгаа гэх ч үүнтэй бараг нас чацуу шинэ хэлбэрийн “ардчилсан” гэмээр хэлмэгдүүлэлт нас бие гүйцэж 18 дахь жилтэйгээ золгож байна. 1998 оны намар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг бусдад хэрцгийгээр алагдаж, энэ хэрэгтэй холбоотойгоор эхэлсэн шинэ цагийн “ардчилсан” хэлмэгдүүлэлт эрийн цээнд хүртлээ улстөрийн болон хууль хяналтынхны гараар тэжээгдэн, тэтгэгдэж оршин тогтносоор “гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч гэрээ орхин гардаг” шиг эцэг болсон улстөрчид, эх болсон хууль хяналтынхны хараанаас мултран явах гэж байна.

Одоо л энэ хэлмэгдүүлэлтийг зогсоохгүй бол хойшид үргэлжилсээр, бүр дийлдэхгүй юм болно. Нөгөө талаас С.Зоригийн хэргээр олон жил шоудсаны эцэст түүнийг амь насаа алдахад төр барьж байсан Ардчилсан нам анх удаа дахин эрх барьж байна. АН ардчиллын анхны нэг С.Зоригийн хэргийг илрүүлнэ гэсэн үе үеийн амлалтуудыг эргэн санаж энэ л үед энэ хэргийг илрүүлж, хэлмэгдүүлэлтийг зогсоохгүй бол хойшид энэ чигээр үргэлжилсээр байх болно. АН-ыг л төр барьж байх хугацаанд илэрнэ хэмээн найдаж байсан ард түмний итгэлийг хөсөр хаяж, С.Зоригийн хэргийг дахиад сонгуулийн шоу болгож өнгөрөөхөөр болсон харагдана.

Түүний хэрэгтэй холбогдуулан эхнэр Б.Булганыг хорьж саатуулж, тэрбээр ярьж эхэлсэн боловч Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенц зөрчин байж ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа нь нөгөө ам алдчих вий гэсэн арьсаа хамгаалагчдын үйлдэл гэлтэй. 17 жилийн дараа Б.Булган нөхрийг нь Батаа, Оюунаа хэмээх эрэгтэй, эмэгтэй хүн бус хоёр эрэгтэй хүн хөнөөсөн гэдгийг хэлсэн. Түүний 17 жилийн өмнөх мэдүүлгээс болж хичнээн Батаа, Оюунаа хэлмэгдэж, хэдэн ч ийм нэртэй хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзэв. Нөгөө Батаа, Оюунаа байж болох эрэгтэй, эмэгтэй хүний цогцсыг голоос хүртэл олж байв. Мэдээж гаднын нөлөөтэй амиа алдсан. Алуурчид өөрсдийгөө зохиомол нэрээр дуудсан эсвэл гэрч ташаа мэдээлэл өгсөн байж болох нэгэн баримт бол хоёр алуурчинг С.Зоригийг хөнөөчихөөд гараад гүйж явахтай тааралдаж нэгнийг нь таньсан төдийгүй “Болдоо” хэмээн нэрээр нь дуудсан маш чухал гэрч одоо хэр нь учир битүүлгээр сураг алдарсан хэвээр байна. Түүнийг дуудахад нэг алуурчин нь эргэж харчихаад цааш гүйсэн гээд байгаа.

Тэгэхээр Бат гэдэг хүн анхнаасаа байгаагүй эсвэл Оюунаа хэмээх худал нэртэй эмэгтэй бус эрэгтэй хүн нь Болдоо болж таараад байгаа юм. “Болдоо” хэмээх мэдүүлгийн мөрөөр өнөөх Болд гэдэг хүнийг эрэн сурвалжилсаар олоход нь өнөөх нь цагдаагийн ахмад цолтойн гэн байсан бөгөөд Дарханд хэдийнэ хөлдөж үхсэн байлаа. Ингээд цогцсыг шарилаас нь ухан гаргаж шүүх эмнэлгийн үзлэгт оруулахад хөлдөж биш гаднын нөлөөтэй нас барсан болох нь тогтоогдсон. Энэ мэтээр Бат, Болд, Оюун хэмээх нэртэй олон хүмүүс хэрэгт холбогдож, зарим нь амь насаа алдсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор 20-иод хүн амины хэрэг гарсан гэдэг бөгөөд 10 гаруй нь аль хэдийнэ олон нийтэд ил болсон. Тэдэн дунд С.Зоригийн хэргийг үйлдсэн хүмүүс байсан гэж үзсэн ч 20 биш хоёрхон алуурчныг хайж байсан. Өөрөөр хэлбэл, үлдсэн хүмүүс нь бүгд хэлмэгдчихээд байгаа юм. Түүнчлэн Франц Улсаас Монгол Улсын иргэн Д.Энхбатыг дээрх Батаа хэмээх нэртэй холбогдуулан хулгайлан авчирч тамлан хөнөөсөн. Нөгөө талаас энд ганцхан амь үрэгдсэн хүмүүсийн асуудлыг хөндөх гэсэнгүй.

С.Зоригийн хэрэг дээр ажиллаж байсан, энэ хэрэгтэй холбоотой олон хүн өдгөө амьд сэрүүн Монголд болон хилийн чанадад нуугдан амьдарч байгаа. Түүнчлэн тэдгээрээс хилийн чанадад орон орон дамжиж, нэр усаа өөрчлөн ажил хийх ч эрхгүй амьдарч буй хүмүүс байгаа гэнэ. Хууль, хүчний байгууллагад ажиллаж байсан энэ хүмүүс учир мэдэх тул ийнхүү зугтаж, нуугдаж эрх чөлөөт Монгол Улсын иргэн хүн гэдэг эрхээ эдэлж чадахгүй 17 жилийн айдас дунд амьдарч, Ази төрхтэй учир хятад мятад гэж голж шилэхгүй, нас барсан ч хамаагүй хүний харь нэр зүүж, чичлэгдэж явна.

Монгол хүний үнэ цэнэ ингэтлээ үнэгүйдэж, Монгол хүн болж Монгол Улсад төрсөндөө ингэтлээ гутарч, эцэг эхээс хайрласан эгэл жирийн нэрээ ч зүүж чадахгүй байгаа хүмүүсийг яах вэ. Хамгийн гол нь эдгээр хүмүүс өдийг хүртэл өөрсдийг нь тагнаж байгаа гэдэгт итгэдэг бөгөөд Их Британийн тагнуулын албаныханд мэдэгдэж ил болсноос биш хэнд ч мэдэгдэлгүйгээр Д.Энхбатыг Францаас хулгайлагдсан төстэй зүйл болчих вий хэмээн айж байгаа аж. Тиймдээ ч 17 жилийн өмнө орхиод гарсан эцэг эх, үр хүүхэд, ах дүү хамаатан садан, найз нөхөдтэйгээ нэг ч удаа ярьж, холбоо тогтоож чадахгүй үхсэн амьд нь мэдэгдэхгүй явна.

Мэдлэг боловсрол, ур чадвараараа улсдаа тэргүүлж, тиймдээ ч хамгийн ноцтой С.Зоригийн хэрэгт дайчлагдаж, анхлан ажиллаж байсан, ажил амьдрал нь ид цэгцэрч, мандаж явсан хууль, хүчний идэр залуучууд С.Зориг хэрэг хэмээх их хэлмэгдүүлэлттэйгээр холбоотойгоор амьдралаа алдаж, ганц олдох амьдралынхаа хамгийн сайхан үе идэр насаа харийн оронд сэтгэлийн шаналалтай амьдарч байна. Хамгийн аймшигтай нь тэдний 17 жилийн өмнө хилийн чанад руу зугтаахдаа авч гарч чадаагүй нялх балчир үрс өдгөө эрийн цээнд хүрсэн ч эцэгтэйгээ нэг ч удаа ярьж үзээгүй явна. Харийн орны дарамтанд үйлдэгдсэн, автономит улсын хэлмэгдүүлэлтийн хар он жилүүдээрээ өрсөлдөгчөө булдаг ардчилагчид бүрэн утгаараа тусгаар тогтносон, эрх чөлөөт Монгол Улсад хэрэгжиж буй энэ их хэлмэгдүүлэлтийг хэзээ зогсоох вэ. Аль эсвэл АН-ын үед л илэрнэ гэж байсан ард түмний итгэлийг хөсөр хаяв уу.

Төгс

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …