Монгол үндэсний их баяр “Цагаан сар”

Цагаан сарын түүх, утгын товчоон: Монгол   түмэн  дэлхийн  бусад  улс  иргэний  адил  өөрсдийн  аж  амьдрал,  нийгэм  соёлын  онцлогийг  тусгасан  үндэсний  баяр  наадмыг  үүсгэн хөгжүүлж  иржээ.

072359669f8f93dedacfbd46doriginal

. Монгол  туургатны  эрхэмлэн  ёсолж  ирсэн  гол  баяр  нь эрийн  гурван наадам: хүлэг  морины  шандас шалгаж, эр хүний биеийн чадал хүчин, цэц мэргэ, авхаалж самбааг сорин  өрсөлдөх  өвөрмөц  наадам  байгалиар  өмөг  түшиг,  мал  адгуусаар  нөхөр хань  хийж  нүүдэллэн аж төрдөг монгол түмний ахуй заншилд нэн чухал ёсолгоо юм. Энэ дөрвөн  улирлын наадам  монгол соёлын  түүхэнд Дөрвөн  цагийн  хурим  хэмээн тэмдэглэжээ.

Шинэлэх  цагаалах  ёс-хаврын баяр бол Монголчуудын уламжлалт шинэ жилийн баяр, Дөрвөн цагийн хуримын тэргүүн хурим бөлгөө.

Эсрэг циклон хэмээх хойд туйлын хүйтэн агаарын урсгал Төв-Ази Монголын агаар мандалд төвлөн орших хугацааг их хүйтэн буюу ЕС гэж монгол зурхайд нэрлэнэ. Гурван есөөр балчир, идэр, хөгшин 3 ес хэмээн хувьлаж, Дөрөлжийн жавар арилдаг дөрөв, Тавьсан будаа хөлддөггүй таван есөд Хаврын тэргүүн цагаан сар таарч, нэгэн жилийг давж, нэгэн оймс элээж, нэгэн сүүдэр нэмж, нэгэн жилийн нүүр үзсэний нижгэр баярыг өргөн тэмдэглэдэг ёсон тогтсон ажгуу.

Эрдэмтэн судлаачид 1207 оноос Цагаан сарыг хаврын тэргүүн сард тэмдэглэх болсон гэж үзэж байгаа хэдий ч яг тодорхой баримт үгүй байна. Намрын ногт чөргийн хурим-Тамганы найр буюу цагаан идээний баярыг хаврын хатуу хахир, үүц  нөөцөө барах тэр цагт шилжүүлэн тэмдэглэсэн бэлгэ утгын шинж чанартай байх гэж үздэг. Энэ цагаас хойш хаврын хаварт тасалдалгүй тэмдэглэсээр маршал Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-д Москвад нас барсныг цагаан сарын битүүн /02-09/-д олон нийтэд мэдэгдэж, цагаан сарыг үндэсний гашуудлын өдөр болгон зарласнаар тасалдаж, 1963 оноос ХАА-н үйлдвэрлэлийн үндсэн нэгжийг бригад, сууриар зохион байгуулж, улмаар цагаан сарыг Нэгдэлчдийн баяр болгон зөвхөн сум нэгдэл, бригадын иргэд ёслон өнгөрүүлэх болсон байна. Хот нийслэлийн иргэд  цагаан сарыг шинэ жил ёолк /ёлка/-оор сольсон нь одоо ч байр сууриндаа сайн орж чадаагүй л байна. Хөгшид нь баярлаж, хөвөөчүүд нь баярлуулдаг маягийн…

Цагаан сар бол 9 зүйл баяр давхацсан монгол түмний үндэсний баяр мөн.

  1. Сүлд цагаан тэнгэрийн хишиг өлзийн баяр
  2. Билгийн тооллын шинэ жилийн баяр
  3. Насан өлзий хутгийн баяр
  4. Түмэн өлзий давхарласан баяр
  5. Хайр энэрлийн баяр
  6. Хэлхээ бат оршихын баяр
  7. Малч түмний баяр
  8. Хаврын эхэн хамаг шим соёолохын баяр
  9. Цэнгэл наадмын баяр.

Цагаан сарын баяр битүүлэх, цагаалах 2 зүйл их ёслолоос тогтоно.

Битүүлэх ёсон: Өвлийн адаг сарын хамгийн сүүлийн хоног саран огт гарахгүй түн харанхуй болох, нэгэн жил бүтүүрэн дуусч буйн учир ийн нэрлэнэ. Битүүнд хир буртгаасаа бүрэн салж, овоо индрээ сэргээн, гэрийн тотгонд 3 мөс /цас/, хоёр хатавчинд улаан өргөс хавчуулна. Гурван мөс нь буга хөлөглөн ирэх, цагийн эхийг угтагч цагаан буурал Заяач /Лхам бурхан/-ийн замыг засаж, ундааг бэлдэж буй хэрэг. Улаан өргөс алтан харгана /аргал тавих нь бий/ нь муу муухай-ад чөтгөрийн даруул болно.

Таван өнгө таван тансаг идээ буюу ууц тэргүүлсэн шүүс зоог, ааруул хурууд, айраг цэгээ, боов, тос, чихэр бурам тэргүүтнээ таваг дүүрэн бэлдэж, дэвшүүлнэ. Өвөрмөц идээ нь эрүүгий нь заалгүй чанасан хонины толгой бөгөөд бурханд дэвшүүлэн засна. Мөн “цагаалга” хэмээн үзэм чихэр, тос давсаар амталсан цагаан будаа /бэрээс/ агшааж тавьдаг. Эд бүгдийг “битүүлэг” гэнэ. Үдэш мал хараа хотлуулж, гадуур ажлаа хийж бараад нэгэн хотныхон аль бага залуу айлдааидээ будаагаа аван цуглаж “битүүрдэг”. Ийн ахмад настныдаа бус залуу багындаа цуглан битүүрэх нь эд хөрөнгө, идээ ундаан, хүн бүлээр ч цөөн буурай бага залуу айлыг бүтэн дүүрэн болгох бэлгэ утгад буй. Айлын битүүлгийн идээнээс хүртээд өөрийн идээнээс таваг савыг нь дүүргэж өгнө. Битүүний идээг “битүүртэл иднэ” хэмээн тааваараа хүртдэг учиртай. Цээрлэх идээ: архи сархад. Хар идээг харанхуй-битүүнд амсах учиргүй. Битүүнд үс угаахгүй. Үсний хар, усны хар, битүүний хар /-нхуй/ гурван их давхцал болох учир тэр. Усны ганг усаар, дөрвөлжийг /баян сав гэж бэлгэдэн нэрлэнэ. Аргал түлшгүй хоосон байлгах нүгэл гэдэг/ эр /зөөлөрч хагараагүй хатуу/ халтар аргал, түлшээр дүүргэнэ.

Шинэлэх-цагаалах ёсон: Гэрийн эзэгтэй эртлэн босч шинэ жилийн анхны, шинэ цайг чанаж тэнгэр хангай, эзэн сүлдэндээ өргөнө. Дараагаар битүүнд чанаж бэлтгэсэн толгойг эхнэр нь эрүүнээс, нөхөр нь толгойноос татан зааж, “Бүх юм дэлгэрлээ битүү юм нээгдлээ” хэмээн хошуунд нь шар тос түрхэн уураг сүүл, шагайт чөмгийн хамт бурханд тавина. Иймээс эрүү толгой заасан эхнэр нөхөр хоёр “нэг амьтай болж” амрагийн дээд бөгөөтөл золгодоггүй, харин отгон хүүхэд нь ээжийн хадгийг аавдаа хүргэн өгч, аавын хадаг, тамхийг ээждээ хүргэн ирж ёсолдог байна. Толгой /төөлэй/ бүтэн мал төлөөлөх, уураг сүүл малын хамаг шимийг төлөөлөх, шаант хэлхээ батын бэлгэдэл болдог учиртай.

Өглөө нарнаас урьдаж, шинэ хувцас чимгээ асаан, гэрийн эрчүүд цай, идээний дээж арц хүжийн зүйл аван, цагаан эсгий дэвсэж овоо-индэрт мөргөнө. Энэ нь сүлд цагаан тэнгэр баясгаж буй хэрэг бөгөөд төр, төрийн сүлдэндээ залбирч мөргөн золгож буй зүйл мөн.

Мөн үес гэрийн эзэгтэй цагаалгаа аван гэрээ нар зөв гурвантаа гороолон, “Могой гуай, Могой гуай. Зоогоо зоогло” хэмээн будаанаас гэр дээгүүр тавьж лус баясгадаг. Энэ нь цаг ирж, ханш нээгдэж, хамаг шим соёолохуйн бэлгэ болно.

Сүлд тэнгэрт мөргөж ирээд ууган хургыг оруулан дух магнайд шар тос хүргэн, сүү амсуулан гаргана. Хуц тавих хургыг сонгон ийн ёсолж “цагаалах” нь бий. Малч түмний баярын энэ өглөө малаа арвай будаа шиг өсөхийг бэлгэдэн өмнүүр нь будаа цацаж, салхитай хүйтэн байсан ч дээш хандуулан бэлчээдэг учиртай. Мал уруудаж муудахгүй байхын бэлгэ утгатай.

Ургах наран тоононд тусмагц, идээ цагаагаа аван ахмад настныдаа цуглаж, дүүмэд нь гарын алгыг дээш харуулан хадаг дэлгэж, ахмадын тохойг өргөн дэмнэж, “Амар сайн уу?”, “Амар байна уу” гэхчлэн амрыг асуухад ахмад нь хариу ёст мэндчилэн, “Урт настай удаан жаргалтай яваарай”, “Номын далай болоорой” гэхчлэн ерөөж, хацар, духыг үнэрлэн золгоно. Золгож дуусаад нас, албаны эрэмбээр сууж, хөөрөг, гаанс солилцон тамхилж, ёс төртэй мэндэлнэ. Ахмадаас эхлэн цай барьж, ууц шүүсээ таллан идээ сархдаа дэлгэр тавин тааваар зооглоно.

Сайхан үгээр сайн үйлийг бэлгэдэн хөөрөлдөж, ураг төрөл, ус нутгаар учралдан, хэлхээ батжуулан золголдон наадна. Ураг удмаа мэдэлцэж, өрх өсгөж сум сунгаж өнөржиж, өтгөрснөө бахдан, уг удмын бичгээ урагшлуулан хөтөлдөг учиртай байна.

Хайр энэрлийн баяр учир төрөөс гэмтнээ өршөөж, гавьяатнаа шагнаж, айл бүрээр ахмадаа хүндэлж, балчраа баясгаж бүх хүнд бэлэг өгч, өглөг буянаа арвитгана.

Шинийн нэгэн хүн бүхэнд нэгэн нас нэмсний, насан өлзий хутгийн –түмэн өлзий давхарласны баяр болно.

Ийн олон зүйл бэлгэдэл давхарласан баяр мөний тул цэнгэл наадам дэлгэрч, бөх барилдаж, морь тэмээ уралдуулж, сур харвалдан, өнөржиж арвижихын бэлгэдэл “хорол”, “шагай”, “алаг мэлхий”, “үйчүүр” нааддаг ёстой.

Өдгөө төрийн тэргүүд гандан хийдэд мөргөж, ерөнхийлөгч ёслол хүндэтгэлийн өргөөнөө морилон ард олондоо үгээ айлдсанаар цагаалга эхэлж,  хамгийн өндөр настанд биеэр залран золгож, 80 сүүдэр давсан ахмадуудад бэлэг бичиг хүргүүлдэг сайхан уламжлал сэргэн тогтлоо.

Үргэлжлэлийг эндээс уншина уу

Санал болгох мэдээ

Лам нар X богдын хойд дүрийг тодруулахын тулд Д.Чойжамц хамбыг “Хамба номун хаан”-аар өргөмжиллөө

2018 оны 09-р сарын 28-30-ны хооронд манай голлох хийдийн томоохон лам нар Сүхбаатар аймагт тал …