ШӨХТГ-ын шинэ дарга Д.Мөнхтөрийн хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хандаж хийсэн мэдээллийг хүргэж байна. /бүрэн эхээр нь/
Өнөөдөр 11:40 цагт ШӨХТГ-ын шинэ дарга Д.Мөнхтөр анх удаа хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ
Тэрбээр хэвлэлийнхэнд хандсан мэдээллийнхээ эхэнд 2016 оныг Монгол улсын Засгийн газраас “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай ШӨТХГ-аас хэрэглэгчид рүү хандсан томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр бэлтгэж байгааг дуулгалаа. Ингээд түүний хийсэн мэдээллийг хүргэе
Д.Мөнхтөр: 2016 оныг Хэрэглэгчийн жил болгож зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ-аас байгууллагуудыг хууль зөрчлөө гээд шалгаж, торгож, шийтгэхдээ гол нь биш хууль сурталчлах, заавар зөвлөгөө өгөх, гаргаж байгаа алдаа дутагдлыг нь бодитой илрүүлээд, түүнийг нь засаж залруулах боломж олгох чиглэлд илүүтэй анхааран ажиллахыг гол зорилгоо болгож байна. Энэ хүрээнд манай агентлаг энэ жилдээ болон ойрын 4 жилд хийх ажлын төлөвлөгөөгөө боловсруулан гаргаж, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр II” төслийг боловсруулаад, өнгөрсөн долоо хоногт Монгол улсын Шадар сайдад өргөн барьсан. Тус хөтөлбөрийг Монгол улсын Шадар сайд энэ сардаа багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж байгаа.
“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр II” –ийн хүрээнд олон ажлууд хийгдэнэ. Юуны өмнө Соён гэгээрүүлэх чиглэлийн ажлуудыг дурьдаж болно. ШӨХТГ нь соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх, өрсөлдөөний хууль зөрчигдсөн аливаа алдаа дутагдлыг таслан чиглэлд зарим талаар учир дутагдалтай ажилласан байдаг. Цаашдаа энэ чиглэлд анхаарал хандуулан ажиллана. Мөн энэ чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тодорхой түвшинд хамтран ажиллахаар төлөвлөж байгаа.
Дараагийн нэг ярих асуудал бол ШӨХТГ-ын бид байгууллагын дунн болон урт хугацааны стратегийн хөтөлбөр дээр ажиллаж байна. Энэхүү стратегийн төлөвлөгөөг бид батласнаар ямар нэг байдлаар агентлагийн дарга чухал биш харин агентлагийн ажил, төрийн ажил, хэрэглэгчийн эрх чухал гэдгийг баримт бичгийн хүрээнд бид баталгаажуулж байгаа хэрэг юм. Ингэснээр Д.Мөнхтөр гэдэг хүн энэ агентлагийн дарга байх нь чухал биш, ингэснээр Д.Мөнхтөрийн дараа агентлагийн дарга хэн байх нь чухал биш, ингэснээр төрийн ажил чухал, ингэснээрээ хэрэглэгч чухал болж, энэ агентлаг ажлыг ойрын жилүүдэд хэрэглэгчийн эрхийг хэрэгжүүлэх ажлыг стратегийн зорилтоо болгодог баримт бичгийг бид боловсрууллаа.
ШӨХТГ-аас энэ ондоо багтаан хуулийн төслийг Засгийн газраар дамжуулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна. Өрсөлдөөний хуулийг хүрээнд бид дэлхийн хамгийн өндөр стандарттай Европын холбооны улс орнуудын хэрэглэгчийн эрхийг хамгаалахтай холбоотой стандартыг судлаж байна.
НӨАТ-тай холбоотой шинэ хууль энэ оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэсэн. Гэхдээ энэ хууль нь НӨАТ-ын хуулийг шинээр батлан гаргасан хэрэг биш. Өмнө нь аж ахуйн нэгжүүд, худалдаа эрхлэгчид НӨАТ-аа төлдөг байсан. Энэ хэвээрээ байгаа. Үүн дээр нэмэгдээд 1 сарын 1-ээс хэрэглэгчидөөрийн төлсөн НӨАТ-ынхаа баримтыг авдаг болж байгаа. Харамсалтай нь үүнээс шалтгаалан бараа бүтээгдэхүний үнийн зохиомол өсөлтүүд хэрээс хэтэрч байна. Жирийн иргэд 500 төгрөгөөр худалдан авдаг байсан зарим бараа бүтээгдэхүүн 600-700 төгрөг болсон мэдээллүүд бидэнд ирж байна. Энэ нь иргэд хэрэглэгчидэд дарамт болж байна. Иймээс энэ чиглэлд манай улсын байцаагч нар хяналт шалгалт явуулж, ажиллаж байна.
Энэ дашрамд НӨАТ-ийн баримттай холбогдуулан хэлэхэд худалдаа эрхлэгч нар ямар нэгэн бараа бүтээгдэхүүний үнэ дээрээ НӨАТ-ын үнийг нэмж авах ёсгүй, мөн бараа бүтээгдэхүүний үнийг хямдарууллаа хэмээн иргэдийг хуурч мэхлээд үндсэн үнээрээ бараа бүтээгдэхүүний худалдаж болохгүй гэдгийг аж ахуйн нэгжүүдэд хандаж хатуу хэлье. Энэ чиглэлээр манай Хяналт шалгалтын газрууд, улсын байцаагч нар хяналт шалгалтын ажлууд хийсэн, тодорхой факт баримтууд бидэнд ирсэн. Удахгүй энэ мэдээллийг та бүхэндээ хүргэх болно.
Энэ оныг хэрэглэгчийн жил болгон зарлаж байгаатай холбогдуулан ШӨХТГ нь Үндэсний хэмжээний томоохон сүлжээ байгууллага болох зорилт тавин ажиллахаар болж байна. Ингэснээр Монгол улсын өнцөг булан бүрт ажиллаж байгаа иргэд өөрийнхөө эрхийг хамгаалах чиглэлээр заавал бидэнд хандаж өргөдөл гомдлоо өгдөг биш, харьяа аймаг дүүргийнхээ төрийн захиргааны байгууллага дээрээ очиж бидэнд хандан өргөдлөө өгөөд түүнийгээ шийдвэрлүүлдэг, хариуг нь авдаг бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллахаар зэхэж байна. Энэ бол хэрэглэгчидээ ойртож байгаа, хэрэглэгчидээ хүрч байгаа, хэрэглэгчийнхээ эрхийг хамгаалж байгаа том ажил гэж ойлгож байна.
2016 оныг архи,тамхи, био бэлдмэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний хууль бус зар сурталчилгааг таслан зогсоох чиглэлээр бодитой ажлууд хийнэ. Химийн идэвхит бодисгүй бараа бүтээгдэхүүнтэй болох тодорхой ажлуудыг төлөвлөж байна.
Мөн Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулдаг Орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээ, СӨХ-ийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг Шилэн болгох зорилт тавин ажиллаж байна.
Та бүхэнд зарим баримт мэдээллийг хүргэе. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлээд Монголчуудын цагаан сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан бараа бүтээгдэхүүний зохимол үнэ өсөж байгаатай уялдуулан ШӨХТГ-ын ажилчид “өндөржүүлсэн” байдалтай ажиллаж байна. Бидэнд энэ чиглэлээр маш олон өргөдөл гомдлууд ирж байна. Тиймээс бид ажилчдынхаа ачаалалыг тэнцвэржүүлж, иргэдийн санал гомдлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор ийнхүү нэмэлт цаг гарган ажиллаж байгаа. Ер нь манай агентлаг он гарснаас хойш чиглэлээр хяналт шалгалтын ажил явуулсан. Иргэдийн хамгийн их бухимддаг, шүүмжлэлтэй ханддаг асуудлуудын хүрээнд хяналт шалгалтын ажлууд хийгдэж байна. Зарим ажлуудын шалгалтын явц дуусаагүй учраас мэдээлэх боломжгүй байна. Өнөөдөр миний гар дээр хоёр баримт байгааг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэе.
Манай агентлагаас “Улаанбаатар Төмөр зам” ХХК –ийн Зам-Үүд чиглэлд зорчих тасалбар борлуулах цэгүүдийг шалгахад хоёр том зөрчил гарсан байна. Эхний зөрчил бол Сайдын 2008 оны 5 сарын 27-ны өдрийн 88-р тушаалаар батласан “Төмөр замаар зорчигч, ачаа тээш тээвэрлэх дүрэм”-ийн 2.14-р заалт “Зорчигч тасалбараа гээгдүүлбэл нөхөн олгохгүй ба төлбөрийн буцаан олгохгүй” гэсэн заалт нь өөрөө хэрэглэгчийн болон холбогдлох хуулийг зөрчиж байгаа хэрэг юм. Учир нь зорчигч тасалбараа худалдан авсан боловч гээгдүүлсэн тохиолдолд дахин худалдаж авдаг нь хууль зөрчсөн үйлдэл мөн. Энэ нь зорчигч төмөр замаар зорчиогүй боловч тасалбараа үрэгдүүлсний төлөө дахин тасалбар худалдан авах болоод байна гэсэн үг. Уг нь тасалбараа гээгдүүлсэн тохиолдолд зорчигч өөрийгөө батлах иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтаар үнэ төлбөргүй юмуу бага хэмжээний торгууль төлөөд авч болдог. Гэтэл “Улаанбаатар Төмөр зам” компани хэрэглэгчийг хоироож, нэг тасалбарыг хоёр удаа худалдан авахуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.
Нөгөө нэг асуудал нь “Улаанбаатар Төмөр зам” компанийн даргын 2014 оны 6 сарын 11-ний өдрийн А/140 тушаалын дагуу тус байгууллага нь иргэдээс тасалбарын төлбөр дээр нэмж ор хөнжлийн даавуу, цай кофены мөнгө нэмж авдаг нь хууль зөрчсөн үйлдэл юм. Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.12 “Бараа бүтээгдэхүүн борлуулахдаа иж бүрдэлд ороогүй бараа бүтээгдэхүүн дагалдуулахыг хориглоно, мөн хуулийн 12.10 заалт буюу “хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна гэж үзэж байгаа.
Гуравдах асуудал нь “Улаанбаатар Төмөр зам” компани төлбөрийн карт унших төхөөрөмжийг ашиглахдаа зөвхөн ХААН банкны төхөөрөмжийг ашиглан үйлчлүүлэхийг шаардсан нь өөрөө өрсөлдөөнийг хязгаарлаж, нэг байгууллагад давуу эрх олгож байгаа үйлдэл гэж үзэж байна.
Тиймээс “Улаанбаатар Төмөр зам” компанид ШӨТХГ-ын зүгээс хууль зөрчсөн дээрх үйлдлүүдээ засаж залруулахыг сануулсан гэсэн албан бичиг илгээж, арга хэмжээ аван ажиллаж байна.
Энэ мэтчилэн олон асуудлын хүрээнд бид хяналт шалгалтын ажил явуулж, ирэх долоо хоногууд болон тэрний дараагийн долоо хоногт хэвлэл мэдээллийн байгуулага та бүхнээр дамжуулан олон нийтэд ШӨХТГ-ын хяналт шалгалтын ажлын үн дүнг танилцуулах болно.
Ц.Мөнх