БНХАУ-ын цахим үйлдвэрлэгч “ZТЕ” корпорацийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирлыг АТГ-аас баривчлан багагүй хугацаанд хорьсон.
Уг нь тус корпораци харилцаа холбооны салбарын техник технологи үйлвэрлэгчийн хувьд дэлхийд тав дугаарт бичигдэх болсон хүчирхэг байгууллага. Харамсалтай нь өөрсдийн үйл ажиллагаанаасаа болоод дэлхий нийтэд нэр хүнд нь аль хэдийн уначихсан.
Өөрөөр хэлбэл тэд үйл ажиллагаа явуулж буй улсдаа “тагнуулын” үүрэг гүйцэтгэгч мэт аашилдаг аж. Энэтхэг, Норвеги зэрэг орнууд тэдний холбооны төхөөрөмжүүдийн тагнаж, чагнадаг хэмээн улсдаа ашиглахж, хэрэглэхийг хориглож байсан. Харин Филиппин, Уганда, Замби, Кени, Шри-Ланка, Иран улсуудад харилцаа холбооны төхрөөмжөөрөө дамжуулан хяналтаа тогтоосон ч гэгддэг.
Гэтэл БНХАУ-аас манай улсад олгож буй 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 45 сая ам.долларын төсөвтэй “Монголын харилцаа холбооны нэгдсэн сүлжээг шинэчлэх, өргөтгөх” төслийн тендерийг “ZTE” корпорацид ямар ч шалгуургүйгээр өгсөн байдаг.
Тиймээс энэ корпораци манай улсад маш их хэмжээний төслийг ямар ч шалгуур, өрсөлдөгчгүйгээр гүйцэтгэх болсон нь олны анхаарлыг татахаас аргагүй байсан хэрэг.
Юутай ч 2004 онд манай улсад анх төлөөлөгчийн газраа нээж байсан тус корпораци эхнээсээ л Засгийн газарт хоёр сая ам.долларын бэлэг өгч, 300 сая долларын тендер авсан нь багагүй хэл ам дагуулж байв.
Тухайн үед Мэдээлэл, шуудан, харилцаа, холбооны газрын дарга байсан Ч.Сайханбилэг “ZTE”-ийн төхөөрөмжийг тавьснаар хувийн хэвшлийнхэнд ашигтай хувилбар байсан учраас дэмжсэн хэмээж байсан.
Гэвч энэ нь өдгөө “ZTE” корпорацийн зүгээс Монголын нэр бүхий улстөрчид болон төрийн албаныханд багагүй хахууль өгсөн байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж, үүнийг нь АТГ-т шалгах болсон хэрэг.
Тиймээс ч тус улсын “Techinasia” сайтад “ZTE” корпорацийн гүйцэтгэх захирлуудыг Монголын үндэсний боловсрол гэгч цахим хөтөлбөртэй хамааралтай авлигын хэрэгт сэжиглэн хорьжээ гэх мэдээлэл өнгөрсөн гуравдугаар сард гарч байлаа.
Харин өдгөө тэрхүү захирлыг АТГ-аас батлан даалтад гаргажээ. Монгол дахь захирал нь Өвөрмонгол эр байдаг бөгөөд түүнийг суллахын тулд таслан сэргийлэх арга хэмжээний барьцаа хөрөнгө болгон нэг сая ам.доллар буюу 1.5 тэрбум орчим төгрөг авсан байна.
Тэрбээр энэхүү мөнгийг АТГ-ын дансанд байршуулан өдгөө сул чөлөөтэй яваа төдийгүй хэдэн сар “хар гэрт” хоригдсоных биеийн байдал нь тааруухан байгаа аж.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн есдүгээр бүлгийн 67.3-т зааснаар “Барьцааны хэмжээг гэмт хэргийн ангилал болон сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан тогтооно” гэсэн байдаг. Тэгэхээр Хятад захирлаас нэг сая ам.доллар авч сууллаж буй нь түүнийг ямар гэмт хэрэгт холбогдолтой болохыг нь бэлхнээ илчилж буй хэрэг. Өөрөөр хэлбэл, барьцааны хэмжээг хуулиар заагаагүй ч гадаадын иргэдээс хамгийн ихдээ л 10-20 сая төгрөг авдаг тухай хуулийн байгууллагынхан хэлж байна.
Гэтэл урьд нь хэзээ ч байгаагүй их хэмжээний барьцаа мөнгө хятад захирал нэлээд онц, ноцтой хэрэгт холбогдолтой болохыг нь харуулж байгаа юм.
Ямартай ч түүнийг анх баривчлагдах үед одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нарын нэр энэхүү хэрэгт холбоотой байж магадгүй гэсэн хардлагыг тээж явсан ч тэгсхийгээд чимээгүй болж байсан.
Тэгэхээр энэ их хэмжээний барьцааны мөнгөний цаана эрх мэдэлтнүүд ч байхыг үгүйсгэхгүй юм.