Тэрслүү үг 4 буюу Халамжит төр, хайрт төр

tersluu ugs copy Халамжийн тогтолцооны хэт хийрхэл нь төр байдаг учраас иргэд та нар байгаа юм гэдгийг ард түмэнд  мэдрүүлэхийг оролдох  мэт төр байн байн өглөгийн гараа сунгах ба  энэ нь социализмын үеийн  “халамжит төр”-ийн шинжийг  санагдуулам. Тэр үед төр бүхнийг мэдэх ба хаана, юу хэрэгтэйг зөвхөн төр л шийддэг байсан ба үүнийг эдийн засгийн хэллэгээр бол төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцоо гэж нэрлэдэг байжээ.

Мэдээж төр гэдэг нь өөрөө хийсвэр ойлголт болохоор түүний  цаана та бидний л адил энгийн хүмүүс л байдаг.  Тэд ийнхүү халамж үзүүлэхдээ хэний мөнгийг, хаана өгөх, бас өгөхгүй байхаа ч заримдаа ухаардаггүй бололтой. Тухайлбал, саяхан Нийслэлийн Засаг дарга болсон  нэгэн эрхэм ажлаа авсны  дараа “баг, хүн сүргээ”  дагуулан  хэд  хэдэн байгуулагын ажилтай танилцаж байх юм. Гэтэл тухайн байгууллагын дарга /хөдөлмөрийн бирж/ ажлаа илүү сайн зохион байгуулахын тулд өрөө тасалгаа, танхим хүрэлцэхгүй байгаа тухай хэлээд байхад л өмнөөс нь танайх одоо нийслэлийн төсөв батлахад мөнгө нэхэхгүй  юм байна, тиймүү гэж асуун, тухайн даргыг  үгүй гэж хэлэх боломжгүй болтол нь асуугаад, бүх юм “ок” байгаа юм шиг санагдуулаад явах юм. Тэр засаг ноён тухайн байгууллагын ажилтай танилцаад шийдэх ёстой зүйлийг нь бололцоогоороо шийдэж, гарах ёстой зардлыг нь гаргаж өгсөн бол ядаж хэдэн иргэн ажилтай болоход нэмэртэй байсан болов уу.

Төр иргэнээ байнгын “халамжлан бүүвэйлэх” явдал бол зөвхөн коммунист, дарангуйлагч, фашист төр л байх үзэгдэл. Харин ардчилсан нийгэмд ийм явдал их хортой. Учир нь эрх баригчид  иргэдээс татварласан, өөрсдийнх нь баялагийг  өөрсдөд нь  төр хайр ивээлээ харуулан хүртээж  байгаа мэт өглөг, буян мэтээр тарааж өгөх тусам иргэд баялаг бүтээхээсээ илүү хойш сууж,  төрийн өглөгт горилох, улмаар эзнээс  бурхнаас  өгч байгаа “хишиг” гэж аятай тэдэнд хандах нь эрх баригчдын аль түрүүнээс хүсэн хүлээж байдаг тохироо нь бүрдлээ гэсэн үг. Тэд үүнийг л эртнээс хүлээж байсан юм.  Одоо хүмүүсийг хоолоор нь, ходоодоор нь, итгэл үнэмшлээр дамжуулан төрийн жолоог өөртөө ашигтайгаар  залах л тэдэнд үлдэх шив дээ.

Төр ийм чадалтай гэдгээ бусдад мэдүүлэхийн тулд нийгмийн амьдралын бусад бүхий л салбарыг өөртэйгээ заавал хамааралтай байхыг ил далд шаардах явдал. Энэ шаардлагыг ил хэлбэр бол хууль эрх зүйн баримт бичгүүд. Далд хэлбэр нь хүнд суртал, авилга, шантааж, лобби.

Ийм үед шудрагаар бизнес эрхлэгчдэд оршин байх газар үгүй болж тэдэнд 2 зам л үлдэнэ. Нэг бол дампуурлаа зарлах, нэг бол улс төрчидтэй нэгдэж, увайгүй, бохир тоглоомд нь хамтран тоглох. Ингэхлээр бизнесменүүд улс төрд  хүч түрэн орох болсны эцсийн  “нууц” нь ердөө л энэ.

Хайрт төр – Төрийг дээдлэх, төрийн сүлдэндээ залбирах явдал бол эртнээс нааш монголчуудын  өв соёлын нэгэн томоохон уламжлал билээ. Эдүгээгийн улс төрчид төрийн уламжлалын талаар бараг юу ч мэдэхгүй хирнээ энэ үгийг их сайн мэддэг бололтой, “Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн”  гээд л их мэдэгчийн дүр эсгээд …. ярих  юм. Төр гэдэг ойлголтонд монголчууд эртнээс хэн нэгнийг, эсвэл хааныг, одоогийнхоор УИХ-ын гишүүнийг дээдлэх, хүндэтгэх тухай биш, харин засаг цааз, хууль ёсоо хүндэтгэж ирсэн гэдгийг ухаарах сөхөө тэдэнд үгүй бололтой.

Социализмын үед л “хайрт эцэг ….” гэж ярьж хэлж, бичиж, ойлгож, тэр хүнээрээ дамжуулан төрийг төлөөлүүлж, сэтгэж ойлгож ирсэн хандлага өнөөдөр зүсээ хувиргаад уламжлалын талаарх дээрх ойлголтонд тулгуурлан “орогнохыг” хүсэж байна. Ардчилсан нийгэмд төр дээдлэх тухай үзэл гэж байхгүй, байж ч таарахгүй. Харин төрийн үйл хэргийг шүүмжлэх, буруутгах, дэмжих гэсэн  үзэл санаанууд л байж болно. Ер нь тэгээд  “шүүмжлүүлэхийн тулд улс төрч болдог” гэсэн хошигнол ч бас үүнтэй холбоотой. Эрх мэдэлд хүрэнгүүтээ “өөрөө нам газраас өндөрлөгт хүрснээ умартан,  ард иргэдийн амьдралын уулын оройгоос” харах явдал манай түшээдэд их байдаг бололтой. Түүгээр ч барахгүй өөрсдийгөө төрийн түшээ, олны итгэл дааж ажиллаж чадах хүн, бараг л  “таны  хайрыг булаах хүн” гэж ярих шахах юм. Энэ тал  дээр бодох, засаж залруулах зүйл их олон байна.

Социализмын үеэс улбаатай улс төрчдийн хийх дуртай ч юмуу, ёстой ч юмуу бүү мэд, нэг ажил бол үе үе “иргэдийн дунд орж ажиллах” нэрийдлээр албан байгуулага, хөдөө орон нутаг, төвлөрсөн газраар орох явдал /гэвч харамсалтай нь соц-ын үе шиг урьдаас бэлтгэсэн, бүх юм сайхан, болж  байгаа мэтээр харуулах/ бололтой.  Үйлдвэр дээр нь газар дээр нь танилцана ч гэх шиг, харамсалтай нь тэр дарга сайд нарыг урьдаас бэлтгэсэн, бүх юм “ок” байгаа мэтээр ойлгуулах урьдаас бэлтгэсэн сценариар аялуулах “аялал” хүлээнэ.

Хэрвээ ингэхгүй бол тухайн байгуллагын удирдлага, ажилтнууд өөрсдөө халагдаж ч мэдэх тул, тэдгээр дарга нарт худал мэдүүлэг,  статистик тооцоо, ажилгүйдэл буурч байгаа тухай хуурамч баримт, байгууллагын худал ажлын үр дүнг л танилцуулна.  Ингээд дарга бүхнийг мэдлээ, танилцлаа, бүх юм бараг “ок”, ганц нэг /бодлогын биш/, шийдэх жижиг сажиг ажил байна гэнэ, ингээд  гүйцээ.

Энэ бол халамжит төрийн аймшигт шинж, “сүх далайтал үхэр амар”, “тос дотроосоо өмхийрдэг” гэдэг зүйр үгнүүдийг  энд  хэлбэл илүү тохирох байх.

Мэргэжлийн хяналтын газар гэж байсаар атал иргэд хортой архинд хордоод байдгийг, усны агентлагтай атал Туул гол маань ширгээд байдгийг, Байгаль орчны яамтай атал нүдэн дээр маань байгаль сүйдээд байдгийг, ажилгүй хүмүүс олон атал ажилгүйдэл буурсаар байгаа гэсэн албан тушаалтны гарт буй статистик мэдээ, баримт байгаад байдгийн учрыг эндээс биш юм бол хаанаас хайх вэ?

Эрх мэдэл бол төрийн албан тушаалтны хувьд ажил үүргээ гүйцэтгэх хөшүүрэг болохоос биш өөрийгөө хамгаалуулах, дураараа дургих, хууль зөрчих үндэслэл биш л юмсан.

2007.06 сар

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …