2006 онд зохион байгуулагдснаас хойш тодорхойгүй хугацаагаар тасалдаад байсан “Монгол туургатны мисс” тэмцээнийг “Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг”-ээс дахин зохион байгуулахаар болжээ. Энэхүү тэмцээнд Монгол туургатанд багтах Халимаг, Тува, Буриад, Өвөр монгол, Монгол гэх 5 улсын үзэсгэлэн төгөлдөр 21 гоо бүсгүйчүүд уригдан оролцохоор болжээ. Оролцогчдын тоо 21 байгаа нь цаана учиртай гэнэ. Монголчууд бүсгүй хүний гоо сайхны төгс шинжийг 21 дарь эхээр төлөөлүүлэн бэлгэдэж ирсэн шашин соёлын түүхэн уламжлалтай. Тэмцээнд оролцогчдын хувьд өөрийн улс орондоо Миссийн тэмцээн уралдаанд амжилттай оролцож, улс орныхоо гоо сайханы бүтээгдэхүүний үйлдвэрлэгч байгууллагуудынхаа нүүр царай болдог, монгол царай төрхөөрөө бусдаас ялгарсан үзэсгэлэнт бүсгүйчүүд оролцож байгаагаараа онцлог ажээ.
3 сарын 20-28–ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тус тэмцээний хүрээнд тэмцээнд оролцогчид Мисс фото, Мисс авьяас, Мисс гүүдвил, Мисс модель гэсэн номинациудаар өөр хоорондоо авьяас билгээ сорин өрсөлдөж сүүлийн шатанд шалгарсан оролцогчдын дундаас 6 номинациар шилдэгүүдийг шалгаруулж шагнал гардуулна. Тэмцээнд оролцогч 21 гоо бүсгүйчүүд маань Үндэсний томоохон үйлдвэрлэгч байгууллагын бүтээгдэхүүнийг сурталчилан борлуулалт хийж, орсон орлогоороо “Нийслэлийн хүрээ” амаржих газар буюу хуучнаар II төрөх эмнэлгийн нярайн нэг тасгийг иж бүрэн тохижуулах хүмүүнлэгийн үйлсэд оролцох юм байна. Ийнхүү Монгол туургатны үзэсгэлэнт бүсгүйчүүд нэгэн дор чуулсан тэмцээнийг үзэх боломж монголчууд бидэнд бүрдэж байна.
Дашрамд дуулгахад “Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг” нь өнгөрсөн оны 12 сард “Монгол туургатны бокс”-ын тэмцээнийг зохион байгуулж байсан бол Миссийн тэмцээний өмнө Монгол туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх 3 сарын 12-21-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Дэлхийн Монгол туургатнуудын хэл соёлын харилцааг ойртуулах, өөр хоорондоо мэдээлэл солилцуулах үйл хэргийг амжилттай хэрэгжүүлж байгаа “Дэлхийн Монголчууд Глобал нийгэмлэг” ТББ-ын хамт олонд энэ дашрамд талархсанаа илэрхийлье
эх сурвалж: undesten.mn