Монгол улсад дээд боловсролын салбарт анхны оюутны өөрөө удирдах байгууллага эдүгээгээс 73 жилийн өмнө энэ өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цаг үеэс оюутны эрхийн төлөөх дуу хоолой нийгмийн тогтолцооноос үл хамааран цуурайтсаар ирсэн.
Улс орны бүтээн байгуулалт, атар газар эзэмших хөдөлгөөн, оюутны барилгын сайн дурын бригад, ургац хураалт гээд улс эх орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөрлөж, сурч байсанСоциализмийн үеийн, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцож Ардчилсан хувьсгалчдыг нуруун дээрээ суулган явсан Ардчиллын алтан үеийн, хийж бүтээх сурах эрмэлзлээр дүүрэн яваа энэ цагийн оюутнуудаараа Монголын Оюутны Холбоо өнөөдөр бахархаж байна. Тэдний дуу хоолойг төр засагт, ард иргэддээ хүргэж ирсэн МОХ-ны бүх үеийн удирдлагууд, оюутны өөрийн удирдлагын байгууллагад ажиллаж ирсэн мөнхийн цаг үеийн шилдэг оюутнуудаараа бид бахархаж байна.
МОХ-ноос оюутны хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн тогтолцоог оновчтой болгох, оюутны үндэсний тэтгэлэгийг ялгаваргүйгээр олгох, оюутны эрхийн тухай хууль эрх зүйн орчныг бий болгох талаар нийгэмд чиглэсэн эерэг ойлголтуудыг бий болгохоор ажиллаж байна. Цаашлаад эх орноо батлан хамгаалах, нийгмийн дэг журмыг хангах үйл хэрэгт оюутны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр оюутан цагдаа, оюутан цэрэг хөтөлбөрийн хүрээг өргөтгөн хөдөө орон нутагт хэрэгжүүлэхээр болоод байна. Төрөөс хуулиар бий болгосон үндэсний тэтгэлэг энэ хичээлийн жилд бүрэн зогсоод байсныг сэргээн олгуулах ажил үр дүнгээ өгч Засгийн газар хуулиа биелүүлэн уг тэтгэлгийг оюутнуудад олгож эхэллээ.
Монголын оюутны эрхийг хамгаалах өөрөө удирдах байгууллага бий болсон өдөр Монголын оюутны эрхийн талбайд цаг агаарын хүнд нөхцөлийг үл хайхран бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэсэн оюутан бүртээ талархаж байна.
Жич: Харамсалтай нь улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан байгаль цаг уурын гамшигт үзэгдэл энэ өдрүүдэд тохиож эрдэнэт хүний алтан амь эрсэдсэн харамсалтай мэдээг бид хүлээн авч төлөвлөөд байсан тайван жагсаал цуглаанаа зогсооход хүрлээ.
Монголы Улсын зүрх нь болсон нийт оюутнууд та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч Улс оронд үүсээд байгаа цаг уурын хүнд нөхцөл байдалд малчдад чин сэтгэлээсээ тусалж байгалийн хүнд хатууг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна.
Бид Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг.
Улаанбаатар хот 2016.03.04