Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид 2016 оны 01-р сараас эхлэн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр нийт 30 орчим удаагийн үйлдлээр орон сууцны хорооллын авто зогсоолуудаар тавьсан тоёото приус-20 маркийн автомашины толь хулгайлдаг бүлэг этгээдүүдийг илрүүлэн саатуулан шалгаж байна.
Дээрх гэмт хэргийг Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, 19 настай Э,М нар үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод байгаа юм. Уг этгээдүүд нь хулгайн замаар олсон тоёото приус-20 маркийн автомашины толийг авто сэлбэг зарна гэсэн фэйсбүүк хаяг нээж иргэдэд 150.0-180.0 төгрөгөөр худалддаг байсан болох нь шалгалтын явцад тогтоогдоод байгаа юм.
Иймд 2016 оны 1-р сараас хойш Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тоёото прису-20 маркийн автомашины толио сууриар нь алдсан иргэд байвал Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтсийн 80800137, 88220023 дугаарын утсаар холбогдоно уу?
Иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн автомашинаа харуул хамгаалалттай, зориулалтын зогсоолд байрлуулж, дохиолол хамгаалалтын систем суурилуулж, эд хөрөнгөө аливаа гэмт хэргийн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, интернэтэд тавигдсан зах зээлийн ханшнаас доогуур худалдан борлуулж байгаа эд зүйлийг худалдан авахдаа сайтар шалгаж, эх сурвалжийг нь судлаж, худалдан авахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.