Өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлынхаа товыг гаргана гэж шуугилдаад байсан ч чухам юу болсон нь мэдэгдэлгүй хуралдахгүй чимээгүй өнгөрөв.
МАН-д үүсээд буй их тулааны өмнөх нам гүмд цочроо өгч, сэрээх гэж хэсэг пижигнэлдсэн МАН-ыг шинэчлэгч залуусынх нь эрч нэлээд суларсан бололтой.
Тэдний хувьд МАН-ын УИХ дахь архаг гишүүдээс эхлээд үл тоомсорлох, дээрэлхэх байдлаар тавьсан шаардлагуудыг нь хүчгүйдүүлж, эцэст нь өөрсдийн санаа бодлыг хүчээр тулган хүлээлгэдэг өвгөчүүдийнхээ шалгарсан арганд эхнээсээ бууж өгч эхэлсэн дуулдана.
Уг нь энэ удаагийн Удирдах зөвлөлийн хурлаар МАН-ын дараагийн даргын асуудлыг тал талаас нь нухацтай ярилцах сураг гараад байсан ч лав л энэ удаа тийм зүйл болсонгүй.
МАН-ын одоогийн дарга Ө.Энхтүвшингийн ажлыг авах хамгийн бодитой нэр дэвшигчээр УИХ-ын дэд дарга, “хотын фракц”-ын толгойлогч М.Энхболд, УИХ-ын гишүүн асан МАН-ын “улаан хамгаалагч” У.Хүрэлсүх нарын нэрс хүчтэй яригдаж байгаа ч шинэчлэгч залуус нь болохоор “Намын нийт гишүүдийн дунд сунгаа явуулах замаар дараагийн даргыг шалгаруулна” гэлцээд байгаа.
МАН-ыг шинэчлэх хөдөлгөөний залуучуудын ихэнх нь У.Хүрэлсүхийн хөтлөн авч ирсэн хүмүүс гэгддэг ч нөгөөдүүл нь энэ яриаг эрс үгүйсгэсээр л байгаа. Өнөөдрийн Монголын улстөр, УИХ-д цөөнхийн үүрэг гүйцэтгэх болсон энэ намаас одоогоор төрд хамгийн том алба хашиж буй нь УИХ-ын дэд дарга М.Энхболд. “Хотын фракц”-ын даргадаа МАН-ын дарга Ө.Энхтүвшин өөрийн албаа хүлээлгэж өгөхөөр ил, далд тохиролцоо хийгдээд эхэлсэн сураг байгаа. Энэ нь цаагуураа ач санасан үйлдэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.
УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээж, намын дарга Сү.Батболд тэргүүтнүүд хариуцлага хүлээн огцроход Ө.Энхтүвшинг намын даргаар сонгохоор ихээхэн идэвхи зүтгэл гаргаж, хүч хаясан хүн бол М.Энхболд.
Мөн өнгөрсөн хавар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа нам дотор болж, Бага хурлын гишүүдийн санал намын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хоёрт тэнцүү хуваагдан хоёр ч удаа хайнцах үед хотын фракцийг удирддаг тэрээр У.Хүрэлсүх, Сү.Батболдын фракциудтай ана мана үзэлцэн намын даргаа гаргаж ирэхээр зүтгэсэн түүхтэй. Тиймээс энэ ачийг намын дарга нь хариулах л учиртай.
Нөгөөтэйгүүр М.Энхболд бас ч гэж намын даргын албыг хашаад үзсэн толгой гэж байгаа. Хүнд үед туршлага чухал, хэрэг болох нь дамжиггүй, хэмээн бодож ч байж магадгүй. Мөн хүрээлэл ихтэй, итгэл даагаад ажил аваад явчих хүний нэг хэмээн үнэлж байж мэдэх юм.
Хэдийгээр тэр намын даргын итгэлийг хүлээж буй ч “Шинэчилье” хөдөлгөөнийхний зүгээс тавьж байгаа нэр цэвэр, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг намын даргад өрсөлдүүлнэ гэх шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь хотын даргын алба хаших хугацаандаа Улаанбаатар хотыг гишгэх газаргүй болтол эрх мэдэлтнүүдэд болоод хөрөнгө мөнгөтнүүдэд худалдсан, олгосон нь яах аргагүй үнэн болохоор. Бас хүн таньдаггүй, өөрийг нь дагасан л бол чөтгөр ч байсан чирээд яваад байдаг засаршгүй дутагдалтай нэгэн.
Сурсан зан нь түүний нэрийг баастсаар ирсэн ч сургамж авсангүй Ц.Батбаярыг Багахангайн Засаг дарга байхад нь татаж, Улаанбаатар хотын захирагчаар томилсон, Ж.Цогзолмаа гэх эмэгтэйг Нийслэлийн Засаг даргын орлогч болгосон гээд яривал ярвигтай урт түүх хөврөх нь тодорхой.
Хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Ж.Батзоригийг УИХ-ын сонгуульд зүтгүүлж, эцэс сүүлд нь Д.Арвинг жийсэн хэрэгт унаж, өнөөх нь Ардчилсан намд элсэн хариу цохилт хийсэн түүхтэй. Д.Арвин улстөр хийхдээ тулбал М.Энхболдоос дутах нь байтугай хэдэн жилийн цаадах нүүдлийг харж чадах арга сүйхээтэй нэгэн болохоо харуулж, УИХ-ынх нь суудлын тоог нэгээр онгойлгосноор зүдэрч яваа намаа улам сульдуулсан нь яалт ч үгүй үнэн.
Харамсалтай нь, түүний энэ үйлдлийг буруутгах хүн нам дотор нь байгаагүйг бодоход “хотын фракц”-ын тэргүүний зангараг харагдана. Өчигдөр товлогдоод байсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоноор МАН-ын дараагийн даргын суудалд санаархсан шинэчлэлийн төлөөх хоёр том бүлэглэл хүчтэй ажиллах боломж нээгдэж байгаа юм.
М.Энхболдын тэргүүлдэг хотын фракцын эсрэг У.Хүрэлсүхийн толгойлдог “Зүүний хүчний холбоо”-ныхон ямар гэнэтийн бэлэг бэлдэх нь одоогоор оньсого төдий байгаа.
Гэхдээ шинэчлэлийн залуус тас гүрийгээд байгаа ч хэрэг дээрээ тэдний 70 хувь нь У.Хүрэлсүхийн төлөө “за” хэмээн гараа өргөх нь тодорхой. Гэхдээ нэгэн цагт энэ намын бодлогыг тодорхойлж явсан Б.Даш-Ёндонгоос эхлээд шинэчлэлийн залуусыг “ангаахай, дэгдээхэй, борвиндоо баастай” хэмээн басамжилж, авч хэлэлцэхгүй байгаа МАН-ын өвгөчүүдийн хүчтэй бүлэглэл М.Энхболдыг ил, далд хүчтэй дэмжиж байгааг анзаарахгүй өнгөрч болохгүй. Хэдийгээр улстөрчийн хувьд хэний ч санаанд оромгүй эрс тэс үйлдэл хийж энэ нь эргээд өөрт нь ихэвчлэн төвөг учруулдаг ч монголын улстөр, ард түмний дунд тодорхойгүй хүлээлт үүсгэсээр л яваа У.Хүрэлсүхийн дотор ёстой л “эмээлтэй хазаартай морь дүүхэлзэж байгаа” нь тодорхой. Тэр ямар ч хүнд байдалд орсон хоёр гараа өргөөд зүгээр буугаад өгөх хүн биш.
Тэгэхээр Удирдах зөвлөлийг хуралдуулах гэж шавдуулаад бүтэлгүйтснийхээ хариуд тэр дараагийн тактик, төлөвлөгөөгөө боловсруулаад эхэлсэн нь тодорхой. Харин энэ ажилд нь МАН-ыг шинэчлэх хөдөлгөөний залуус аль хэр эв нэгдэлтэй, тодорхой зорилготой, түүнийгээ биелүүлэх зориг тэмүүлэлтэй хамтран ажиллахаас У.Хүрэлсүхийн улстөрийн карьерийн хувь заяа ихээхэн шалтгаална. Товчхондоо М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нэг нь МАН-ын дараагийн дарга болох “цусгүй” тулаан эхэллээ.
Гэхдээ М.Энхболдод дарга болох магадлал нь илүү өндөр байгаа юм. Тэрээр одоогийн дарга Ө.Энхтүвшингээр дамжуулан өөрийн хүмүүсээ шинэчлэлийн гэх Их хурлыг бэлтгэх ажлын хэсэгт оруулахаар тохирсон дуулдсан. Тэгэхээр шинэчлэлийн гэгдэх Их хурлын жорыг хутгаж, дэгийг дэглэх хүмүүсийн ихэнх нь М.Энхболдынх байх нь ойлгомжтой. Ингэхээр М.Энхболд дарга болох эхний алхмаа хийчихжээ гэсэн үг. Мөн М.Энхболд Улаанбаатар хотын МАН-ын хорооны даргаар Ц.Сандуй гэх эрийг томилуулсан. Тэр Ц.Сандуйгаараа дамжуулан Сонгинохайрханаас бусад дүүргийн намын хороог өөрсдийн хүмүүсээр дүүргэсэн сурагтай байгаа. С.Баяр, Сү.Батболд нарын мэдлийн Сүхбаатар дүүргийн намын хороог ч булааж хотын бүлэглэлд өөрийн хүнээ тавьж дөнгөсөн.
Өөрөөр хэлбэл МАН-ын С.Баяр, Сү.Батболд хоёртой ингэж харьцаж чадаж байгаа “Хотын бүлэглэл” бусдыг нь бол яаж ч базсан дурын хэрэг. Ингээд Улаанбаатарт олонхи болсон хотын бүлэглэл дараагийн Их хурлын төлөөлөгчдийг өөрсдийн намын хорооныхоо хүмүүсийн санаачилгаар томилно гэсэн үг. Тэд намын даргаа сонгоход гар өргөнө. Улаанбаатарынхан М.Энхболдыгоо дэмжинэ. Ингээд М.Энхболд МАН-ын дарга болох хоёр дахь алхмаа баталгаажуулчихсан байна.
Одоогийн Бага хурал татан буугдаж шинэ Их хурлаас дахин байгуулагдана. Шинэ их хурлын ихэнх нь М.Энхболдын хүмүүс учир хотын Бага хурлын гишүүд ч бас түүнийх байна. Бага хурал нь МАН-ын даргаас бусад албан тушаалтнуудыг томилох эрхтэй. Олонхийн саналаараа. Ингээд тооцоод үзвэл бас л М.Энхболдын хүмүүс энэ намын ерөнхий нарийнаас эхлээд бүхий л нарийн бичиг, газар хэлтсийн дарга болно. М.Энхболд ингэж гурав дахь нүүдлээ баталгаажуулжсанаар бүх л хамгаалалтаа хийж чаджээ.
Харин У.Хүрэлсүх хичээж байгаа ч хүч нь ихээхэн тарамдсан нь үнэн. Өөрөө гадаад, дотоодын алинд байгаа нь мэдэгдэхгүй байгаагаас хүчтэй өрсөлдөгчдөө дээрх бололцоог гаргаж өгсөн. Бүр Хөвсгөлд амарч байгаа сураг ч дуулдсан. Өөрийнх нь төлөө гал, усанд ч орохоос буцахгүй залуусын зарим нь гадаадад сурахаар одсон. Зарим нэг нь түүнээс нүүр буруулж үгэнд нь орохоо больчихоод байгаа. Түүний хувьд зарим талаар “Тэмээ туйлаад тэнгэрт хүрэхгүй” гэгч л болоод байгаа. МАН-ын өмнөх дарга нарын тухайд насаараа идээд барахгүй хоолоо цуглуулаад хураачихсан тул МАН-ын дараагийн дарга хэн байх нь сонин биш төдийгүй энэ нам орших, эс орших нь ч төдийлөн анхаарлыг нь татахаас өнгөрсөн.
Ямартай ч МАН-ын дараагийн даргын төлөөх тулаан нь М.Энхээр “болддох” уу, У.Хүрэлээр “сүхдэх” үү гэдгийг харах л үлдлээ.