4 сарын 1 буюу Инээдмийн өдрийг тохиолдуулан “Facebook” компаний ажилтнууд өөрсдийн босс Марк Цукербергийг дөнгөжээ.
Марк Цукерберг “Манай багийнхан миний хурлын танхимыг аквариум гэж нэрлэдэг. Яагаад гэвэл бүх хана нь шилэн. Намайг юун дээр ажиллаж байгааг хүмүүс харах ёстой гэж би үздэг юм л даа. Гэтэл Тэнэгүүдийн өдөр манай ажилтнууд миний шилэн ханыг тэр чигт нь аквариумын дүрстэй боодлын цаасаар наагаад хаячихаж. Би хаалгаа нээмэгцээ над руу асар их ус цутгаж, загас хөвөх нь гэж бодсон шүү. Манай багийнхан олон жилийн турш энэ өрөөг бөмбөг, агаарын бөмбөлгөөр дүүргэдэг байсан юм” хэмээн өөрийн интернэт хуудаснаа бичжээ.
Гэсэн ч Марк Цукербергт энэ бэлэг нь их таалагдсан гэнэ. Нүүрномын ерөнхий захирал Цукерберг 4 сарын 1-нд дөнгүүлсэндээ инээдээ барьж чадсангүй. Тэр үүний төлөө хэнийг ч шийтгэсэнгүй. “Энэ бол миний амьдралдаа нээж үзсэн хамгийн том бэлэг” хэмээн Марк онцлон тэмдэглэжээ.
Мэдээж, энэ Инээдмийн өдөр Марк Цукерберг өөрөө хэн нэгнийг дөнгөхгүй бол алдас болно биз. Түүний сонгосон салбар тун санаанд оромгүй байлаа, тодруулбал загварын ертөнц. Марк Цукерберг маш энгийн, бүр нэгэн хэвийн уйтгартай гэмээр хувцасладагийг бүгд мэднэ. Харин Марк Цукерберг 4 сарын 1-нд “H&M” хэмээх алдартай брэндтэй хамтран нэрийн хувцас үйлдвэрлэх гэж байгаагаа зарлав.
“Mark Zuckerberg & H&M” гэж нэрлэсэн энэ брэндийн уриа бол “Өглөө эрт нэг асуудал хасагдлаа”. Өглөө эрт ажилдаа яарч байхдаа та хувцасны шүүгээнийхээ өмнө юу өмсөх вэ гэж толгойгоо гашилгахгүй гэсэн үг. Сонголт гэхээр юм байхгүй тул бас цаг зав, хөрөнгө мөнгөө ч хэмнэнэ. Доор тэдний сурталчилгааны зургуудыг сонирхуулж байна.
Загварын ертөнц, Нүүрномынхон, моод хөөцөлдөгчид гээд бүгд л энэ өдөр тэдэнд ийнхүү дөнгүүлчихлээ. Загварын энэ цуглуулга нь 7 ижил футболк, бас джинсээс бүрдсэнийг харсан ч та үүнийг дөнгөлт гэж эхлээд бодоогүй байх. Тийм үү?
www.mnews.mn