Хачгаар дамжин халдварладаг 30 гаруй халдвар байдгаас манай оронд
- хачигт энцефалит,
- хачигт боррелиоз,
- хачигт риккетсиоз өвчнүүд ихэвчлэн тохиолддог байна.
Хачигт энцефалит өвчин нь арван аймаг, Багануур, Багахангай, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг, 27 суманд бүртгэгджээ. Өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, бөөлжих, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөх, уналт таталт, саа саажилт зэрэг шинжүүд илэрдэг аж.
Харин хачигт боррелиоз өвчний үед толгой өвдөх, халуурах, бие сулрах, булчин үе мөчөөр өвдөх, бие дээр цагирган тууралт гарах зэрэг шинжүүд илэрнэ.
Хачигт риккетсиоз мөн л толгой хүчтэй өвдөх, тууралт, тунгалагийн булчирхайн үрэвсэл, хачигт хазсан газарт үрэвсэх зэрэг шинжүүд илэрдэг.
Хачгийн эзэн амьтдад нохой, хулгана, зарим мэрэгчид, үхэр, хонь, ямаа, тэмээ зэрэг орно.
Салхинд гарах, ууланд алхах зэрэг үедээ та хачигт халдвараас хамгаалахын тулд,
– Халдварын голомттой газруудаар явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөн 2-3 цаг тутамд биеэ шалгах, хачиг дайжуулагч бодис хэрэглэх
– Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг болон тухайн газар нутагт зорчих хүмүүс хачигт энцефалитаас сэргийлэх вакцинд хамрагдах
Хачигт хазуулсан тохиолдолд авах анхны арга хэмжээ:
- Хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулж, сугалан авч хачгийг битүү саванд хийж, шинжилгээнд хамруулахаар мэргэжлийн байгууллагад хандах.
- Хачиг хазсан газрыг спирт эсвэл марганцийн сул уусмалаар угаах
- Хүйтэн жин тавих
- Эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж www.wikimon.mn