Хэнтий аймгийн Засаг дарга, Чингис хотын захирагч Ж.Оюунбаатартай ярилцлаа.
–Хэнтий аймагт өвөлжилт, хаваржилтын байдал, малчдын амьдрал ямар байна вэ?
-Манай нутагт өвөл өнтэй болж, урин хавартай золголоо. Өнгөрсөн жил аймгийн урд талын нутгаар цас бага, хойд талын сумд нэлээд цастай байсан. Цас нэмж ороогүй учраас өвөлжилт хүндрээгүй. Одоо мал төллөлт, ямаагаа самнаж ноолуураа борлуулах гэхчлэн малчдын хувьд хаврын ид ажил өрнөж байна.
Хэнтийчүүд өнгөрсөн жил 3.5 сая мал тоолуулсан. Мал аж ахуйн салбарт нийтдээ 12.5 мянга орчим малчин хөдөлмөрлөдөг.Энэ жил 1.6 сая эх мал төллөх төлөвлөгөөтэйгээс 160 гаруй мянга нь төллөж, төл бойжилт 99.6 хувьтай, цаг агаар сайхан байна. Хэнтий аймаг жилдээ 400-гаад тонн ноолуур бэлтгэж, зах зээлд нийлүүлдэг. Үнэ ханшийн хувьд нэг килограмм нь дунджаар 55 мянган төгрөгийн үнэтэй байна. Дээд тал нь 57 мянга хүрээд буусан. Өнгөрсөн жил үүнээс арай илүү, тухайлбал, нэг килограмм ноолуур 70 мянган хүрч байсан. Мал аж ахуйн хувьд аймгийн хэмжээнд сүүлийн гурван жил мал сүргийн тоо толгой нэг саяар өслөө. 1990-ээд онтой харьцуулахад сүүлийн хэдэн жил мал сүрэг өссөн амжилттай явж байна.Мал аж ахуйн салбар хөгжихийн хэрээр ажлын байр шинээр бий болж, энэ салбараас орж ирж буй ашиг шим жилээс жилд өсч байгаа. Өнгөрсөн жил манай малчид мал аж ахуйн салбараас 33.7 тэрбум төгрөгийн ашиг орлого олсон. Энэ нь аймгийн эдийн засгийн салбарт томоохон байр суурь эзэлж байна. Ажлын байрны хувьд 1000 гаруй хүн шинээр малчин болсон. Жилд 100 гаруй ажлын байр нэмэгдэж ирсэн. Өнгөрсөн жил гэхэд л 120 малчин нэмэгдсэн. Аймгийн хэмжээнд 1000-4000 малтай малчин олон бий. Дээд тал нь 7200 толгой мал тоолуулж аймагтаа тэргүүлж яваа Хэрлэнбаян-Улаан багийн малчин Мөнхбаясгалан юм. Аймгийн удирдлагуудын зүгээс ч малчдаа урамшуулах бодлогыг баримталж ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Хэнтий аймгаас гавьяат малчин хоёр, улсын сайн малчин 11, алтан төлийн эзэн зургаа, аймгийн сайн малчин 73 төрсөн. Түүний зэрэгцээ хамгийн олон малтай малчдыг шалгаруулж, таван мянган малтай болон малаа таван төрөлд нь өсгөсөн малчдыг шалгаруулж урамшуулж алдаршуулдаг. Энэ бол малчин түмнийхээ хөдөлмөр, зүтгэлийг үнэлж буй арга хэмжээ юм.
–Та саяхан аймгийнхаа бүх сум, багт очиж нөхцөл байдалтай танилцсан гэсэн. Малчдад ямар асуудалтулгамдаж байна. Төрд хандаж ямар санал хэлж байна вэ?
-Малчдад тулгамдсан хоёр асуудал байна. Нэгдүгээрт, эдийн засгийн хямралтай холбоотой малын ашиг, шим, түүхий эдийн үнэ унасан нь малчдын санааг зовоож байна. Хоёрдугаарт, бэлчээрийн асуудлыг ярих цаг болжээ. Бүх сум, багаар явж малчидтай уулзахад ийм л зүйл ярьж байна. Аймаг, сум, хөрш зэргэлдээ сум, багийн хооронд газар нутаг, бэлчээрийн асуудал их байна. Тэр нь бэлчээрийн даац хэтэрснээс үүдэлтэй. Төр, засгаас бэлчээрийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй болсон нь амьдрал дээр харагдаж байна. Нөгөө талаар, орон нутгийн зүгээс ч гэсэн энэ асуудлыг зөв зохион байгуулж, яаж бэлчээрээ зөв зохистой ашиглах вэ гэдэг бодлого гаргаж тавих цаг болжээ.
–Одоо газар тариалангийн асуудлыг ид ярьж байна. Хэнтий аймаг энэ салбарт хэр анхаардаг вэ?
-Манай аймаг газар тариалангийн 56 жилийн түүхтэй. Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутгийн нэг. Тариаланд ашиглаж ирсэн талбай нийтдээ 90 гаруй мянган га газар бий. Үүний 80 хувь буюу 72 мянган га газрыг нь эргэлтэд оруулаад явж байна. Энэ 72 мянган га-гаас сүүлийн гурван жил 30 гаруй мянган га-г шинээр аж ахуй нэгжүүдэд эзэмшүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, тариалан эрхэлж байгаа. Сүүлийн жилүүдэд Хэнтий аймгийн газар тариалан, үйлдвэрлэлийг 2.5 дахин нэмэгдүүлсэн бодлого хэрэгжсэн. Энэ хаврын тариалалтад 30 мянган га-д үр тариа тариалах зорилт тавин ажиллаж байна. Төмс, үнсний ногоог 700 га-д тариалах төлөвлөгөө гаргасан. Хаврын тариалалтад үрийн нөөцийн 30-аад хувийг орон нутгаас гаргаж, үлдсэн 70 хувийг улсаас авахаар захиалгаа өгсөн. Аймгийн хэмжээнд газар тариалангийн салбарт 36 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хэнтий аймагт газар тариалангийн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Түүнээс гадна хөрөнгө оруулалтууд нэлээд нэмэгдлээ. Шинээр томоохон аж ахуй нэгжүүд энэ салбарт орж үйлдвэрлэл эрхэлдэг болсон. Нийтдээ 20-оод тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт газар тариалангийн салбарт орсон. Орчин үеийн шинэ техник, технологи, трактор, комбайнууд орж ирлээ. Үрийн буудай хадгалдаг элваторууд авсан. Энэ жил шинээр гурилын үйлдвэр байгуулж ажиллаж байна. Намар ашиглалтад орно. Хоногт 100 тонн гурил, 50 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн сүүлийн үеийн техник, технологитой үйлдвэр болно. Тариагаа өөрсдөө тарьж, боловсруулж, хүн ардаа өөрсдийн гараар тарьсан гурилаар хангах зорилготой юм. Өмнө нь манай аймаг “Буудайн цацал” гэж гурилын том үйлдвэр байсныг 1990-ээд оны хувьчлалаар хэсэг хүн аваад дампууруулсан. Тиймээс шинээр үйлдвэр байгуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сэргээх ажил өрнөж байгаа нь энэ юм. Удахгүй тариаланчдын зөвлөгөөн хийхээр бэлтгэж байна. Энэ хаврын тариалалтад онцлох, шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэнэ.
–Танай аймаг сүүлийн жилүүдэд нийгмийн салбар дахь асуудлуудыг бүтээн байгуулалттай уялдуулсанолон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Мэдээлэл ч орон даяар сайн таржээ. Үр дүнг нь сонирхуулахгүйюу?
-Аймгийн хэмжээнд Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хэд хэдэн хөтөлбөр хэрэгжиж байгаа. “Эрүүл чийрэг хэнтийчүүд”, “Эрдэм боловсролтой хэнтийчүүд”, “Ажилтай, орлоготой хэнтийчүүд”, Аюулгүй орчинтой хэнтийчүүд”, “Архигүй хэнтийчүүд”, “Цахим Хэнтий” зэрэг хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүний дүнд сүүлийн гурван жил хагасын хугацаанд нийтдээ 5000 гаруй иргэнийг шинээр ажлын байранд зуучилж ажилтай, орлоготой болгосон. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулж, нийтдээ 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар ажлын байранд зуучлах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн. Ард иргэдийн жижиг, дунд үйлдвэрлэл, бизнесийг дэмжиж хөгжүүлэхэд анхаарлаа. Сум хөгжүүлэх сан гэхэд л жилийн гурван хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгож байна. ЖДҮ-ийг дэмжих зээл нь жилийн долоон хувийн хүүтэй таван жил хүртэл хугацаатай олгож байгаа. Зээлийн ийм бодлогоор жижиг төсөл, өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж ажилласан. “Эрүүл чийрэг хэнтийчүүд”, “Эрдэм боловсролтой хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүллээ. Үр дүнд нь нарийн мэргэжлийн оношилгоо, эмчилгээний төв байгуулах ажлыг хамтарч зохион байгуулсан. Иргэд оношлуулах гэж хот руу явдаг, зардал чирэгдэл болдог явдал багассан. Бас нэг дэвшил нь жил бүр нарийн мэргэжлийн эмч нарын багийг сумдаар явуулж иргэдээ үзлэг, шинжилгээнд хамруулснаар, ялангуяа хавдрын шинжтэй түргэн явцтай өвчнийг эрт илрүүлж оношлох, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах чиглэлд баримталж буй бодлого амжилттай хэрэгжиж байна. Боловсролын салбарт олон хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. “Зөв монгол хүүхэд”, “Ном”, Авьяас”, “Багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байгаа. Сурч боловсрох орчныг бүрдүүлэх чиглэлд бүтээн байгуулалтын ажлыг нэлээд хийсэн. Долоон сумд шинэ сургууль, цэцэрлэг, дөрвөн сумд дотуур байр, соёлын төв барьж ашиглалтад оруулсан. Сумдад 30-аад багийн хөгжлийн төвийг шинээр байгуулсан. Аймгийн төвд МСҮТ-ийн байрыг шинээр барьж байна. 1000 айлын орон сууцны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн гээд дурдаад байвал олон ажил бий. Орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ аймгийн хэмжээнд барилгын материалын үйлдвэр, баазуудыг сайтар байгуулсан. Цаашид бүтээн байгуулалтад эерэг нөлөө үзүүлэх суурьтай боллоо.
-“Архигүй Хэнтий” хөтөлбөр улсын хэмжээнд жишиг болохоор байгааг хэвлэл мэдээллийнхэн онцолжбайсан. Энэ тухайд?
-Хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлсэн. Хүний хөгжлийг дэмжсэн. Ингэснээр архинд донтсон олон хүнийг эмчилж, эрүүлжүүлж, эргээд нийгмийн тустай хөдөлмөрт оруулсан. Аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалтын ажил, хөгжилд эргээд тэр хүмүүсийг татаж оролцуулж, хүчийг нь ашиглаж, бас дэмжиж ажилласны дүнд өнгөрсөн гурван жил хагасын хугацаанд мянга гаруй хүн архинаас ангижирч “Эрүүл амьдрал” клубүүдэд харъяалагдан сайн сайхан амьдарч байна. Энэ хүмүүсийг цаашид ажилтай, орлоготой байлгах талд аймаг, сумд бодлогоор дэмжиж ажиллаж байгаа. Орон гэртэй болгох, малжуулах хөтөлбөрт хамруулах зэргээр дэмжиж байна. 600 гаруй сая төгрөгийн дэмжлэг, туслалцааг тэдэнд үзүүлсэн. Гол үр дүн нь тэр хүмүүс архинаас гарснаар нийгэм аюулгүй, тайван амгалан болсон. Одоо аймгийн аль ч сумд очсон архидалт байхгүй. Гэмт хэрэг, зөрчил эрс буурсан. Гэр бүл дотор гардаг хэрэг, зөрчил 50-60 хувь буурсан. Тэр битгий хэл малын хулгайн хэрэг ч 40-60 хувь буурсан. Архинаас болж ямар их сөрөг үзэгдлүүд гарч байсан нь энэ бүхнээс харагдаж байгаа. Тиймээс архины хор хөнөөлийг бууруулах чиглэлд улс, аймгийн хэмжээнд анхаарч ажиллавал ямар их боломж, үр дүн гарахыг бид туршлагаасаа олж харсан.
– “Цахим Хэнтий” төсөл сайн хэрэгжсэн гэж орон нутгийн иргэд онцолж байсан. Цаашид төрийнүйлчилгээний нэг цэгийн төвтэй болох гэж байгаа гэсэн үү?
-Төрийн үйлчилгээний нэг цэгийг байгуулахаар ажил эхэлсэн. Нийслэлд энэ чиглэлд хэрэгжээд явж байгаа тэргүүн туршлагаас санаа авч аймаг орон нутагтаа нэвтрүүлэхээр Засгийн газраас амлалт авч үүрэг хүлээн ажиллаж байна. Энэ сарын 17-нд нээлтээ хийнэ. Бид аймагтаа зүүн бүсийн томоохон худалдааны төвийг байгуулсан. 6000 гаруй м/кв талбайтай. 300 гаруй хүний ажлын байрыг бий болгосон. Энэ төв дотроо төрийн үйлчилгээний нэг цэгийг байгуулж байна. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг нэг дороос авдаг болно. 20 гаруй төрийн байгууллагын төлөөлөл тэнд төвлөрч иргэдэд үйлчлэх юм. Бэлтгэл ажил хангагдсан. Засгийн газраас амлалт авсан бас нэг ажил бол “Гудамж” төслийг аймагтаа хэрэгжүүлэхээр болсон. Улаанбаатар хот, Увс,Архангай аймагт амжилттай хэрэгжсэн энэ төслийн манай аймагт хэрэгжих зураг төсөл өнгөрсөн намар бэлэн болсон. Улсын төсөвт оруулж чадаагүй учраас концессын журмаар хэрэгжүүлнэ. Нийтдээ 16 км шинэ зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний замтай барина. Одоогоор тендер зарлагдаад явж байна. Ер нь бол өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 6.4 км авто замбарих ажлыг шинээр хийж, гэрэлтүүлэг, явган хүний зам тавьсан. Энэ бол “Гудамж” төслөөс өмнө хэрэгжсэн том бүтээн байгуулалтын ажил юм. Одоо “Гудамж” төсөл хэрэгжсэнээр Чингис хотын нүүр царай өөрчлөгдөнө.
–Чингис хотын статусыг авснаар танай аймгийг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шинэ зам тавилаа гэж харж байгаа. Ямар гарцууд нээгдэв?
-Чингис хотын нэрийг авахад манай нутгийнхан анхнаасаа үзэл бодол нэгтэй зүтгэсэн. Өвгөд дээдсийнхээ гал голомтыг сахиж байгаагийнх зүй ёсны зүйл гэж хүлээж авсан. Зарим хүн, нийгмийн зүгээс янз бүрээр хүлээж авч байсан. Энэ нэрийг авсан нь зөв байжээ гэдэг нь хэд хэдэн зүйлээр нотлогдож байгаа. Хэнтий аймгийн төв Чингис хот нэртэй болсноос хойш 2-3 жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн.Гадаад, дотоодынхны хандлага эрс өөр болсон. Хөрш зэргэлдээ улсууд, найрамдалт хамтын ажиллагаатай улсууд аялал, жуулчлалыг Монголд хөгжүүлэх, тэр тусмаа их хааны түүхэн нутгаар аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтрах чилэлээр маш их санал, санаачилга гаргаж байгаа. ОХУ, БНХАУ, Солонгос, Турк улстай хамтарч ажиллаж ирлээ. Хэнтий аймгийн аялал жуулчлалын 2012 оноос өмнөх үзүүлэлтийг авч үзвэл, манай аймагт жилдээ 15 мянга орчим гадаад, дотоодын аялагч ирдэг гэсэн судалгаа байдаг. Тэгвэл 2015 оны тайлангаар өнгөрсөн онд манай аймагт 50 гаруй мянган хүн жуулчилсан тоо байна. Тэгэхээр яах аргагүй Хэнтий аймаг руу аялагч, жуулчдын анхаарал хандсан байна. Нөгөө талаар, энэ чиглэлд Хэнтий аймагт хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт 30 тэрбум төгрөг болж байгаа. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 75 тэрбум төгрөгийн төсөл ажил хийгдсэн. Энэ нь барилга, угсралтын ажилд түлхүү хэрэгжсэн. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр ажиллах аж ахуй нэгжийн тоо ч нэмэгдэж байна. Тэгэхээр яах аргагүй Чингис хот нэрээр хөрөнгө оруулалтыг таттсан, аялагч жуулчдыг ч татсан, цаашид ч онцгой хувь нэмэр оруулахаар байгааг аймаг, орон нутгийг удирдаж байгаа хүмүүс олон талаар мэдэрч, харж байна.
–Чингис хотод ирж, очиж, аян замд дайраад өнгөрч буй хүмүүс хэлдэг л дээ, орон сууцны хорооллоо яажбарьж вэ, гаднах орчинг яаж шийдэж вэ гэдгээс харахад л хот төлөвлөлтөөс эхлээд цаашид хөгжлийнсайн төлөвлөгөө гаргаж байгаа нь анзаарагдаж байна гэж ам сайтай байдаг юм билээ. Хөгжлийн хэтийнтөлвийн тухай таны амнаас сонсъё?
-Бид аймгийнхаа 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг гаргасан.Түүнийгээ хэрэгжүүлж ажиллаж байна. Энэ бодлогын хүрээнд аймгийн төвөөс гадна бүх сумдын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн. Тийм болохоор одоо хэнтийчүүд аль ч сум нь бид яаж хөгжих вэ гэж хүнээс асуухаа больсон. Яагаад гэвэл, тухайн сум, орон нутгийг дунд хугацаанд яаж хөгжүүлэх вэ, урт хугацаанд яаж хөгжих вэ гэдэг стратеги төлөвлөгөө, зураг төслөөрөө гарчихсан. Барилга бүтээн байгуулалт ямар байх вэ гээд олон асуудлыг шийдэхээс гадна тухайн сум өөрийнхөө онцлогт таарсан эдийн засгийг яаж хөгжүүлэх вэ, үйлдвэржилтээ яаж хөгжүүлэх гэдэг бодлогын төслүүдийг сум, сумын онцлогт нь тохируулж хийлгэж өгсөн байгаа. Тухайлбал, манайд аялал, жуулчлал хөгжих сум олон бий. Чингис хааны түүх, дурсгалтай холбоотой, тэр чиглэлээрээ аялал жуучлал хөгжүүлэх, хөдөө аж ахуйн үндсэн чиглэлийн боловсруулах үйлдвэрүүд хөгжүүлэх гэхчлэн сум бүр онцлогтой. Хэнтий аймаг хөгжлийн иж бүрэн төлөвлөгөөтэй болж, түүний үндсэнд хөгжиж байгаа. Тиймээс бидний хувьд ирээдүйгээ харсан, ялангуяа Чингис хот бол зүүн бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэл рүү хандан хөгжиж байгаа гэж болно. Хөгжлийн том төлөвлөгөөг дагаж, том бүтээн байгуулалтуудын төлөвлөгөө гаргаад явж байна.
–Бүтээн байгуулалтын ажилд хөрөнгө яаж босгож байна вэ. Улсын төсөв хүнд, аймаг хөгжүүлэх сангийнмөнгийг багасгасан энэ үед яаж ажиллаж байна?
-Улсын хэмжээнд байдал хүнд байгаа ч бид гаднаас хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн бусад нөөц бололцоог ашиглахад нэлээд санаачилгатай ажиллаж байгаа. Ингэж ажилласны үр дүн гарч байна. Гадаадын хөрөнгө оруулалтаар нэлээд олон том үйлдвэрийг байгуулахаар болж байна. Дотоодын хөрөнгө оруулалтаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд 1000 айлын орон сууцны хөтөлбөрийг шийдсэн. Бүх зүйлийг төсөв хүрэлцэхгүй гээд хараад суух биш байгаа бололцоогоо яаж ашиглах вэ, аж ахуй нэгжүүдийн сонирхлыг төрүүлж, хөдөө орон нутаг руу яаж татах вэ гэдэгт анхаарч ажиллаж байгаа. Хамгийн гол нь бид аймаг, орон нутгаа хөгжүүлье гэсэн сэтгэлийн үүднээс гадаадын хөрөнгө оруулагч юм уу, дотоодын хөрөнгө оруулагчдыг орж ирэхэд нь ямар нэг хүнд суртал гаргалгүй, ажлыг нь гацаахгүй шат шатанд нэг бодлогоор дэмжиж, хамтарч ажилладаг. Энэ бүхний дүнд манай аймагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд үр дүнтэй явж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин