“Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачлагаар анх удаа хэрэгжиж буй “Ухаалаг ирээдүй” боловсролыг дэмжих төслийн нээлт 4 дүгээр сарын 9-ний өдөр Залуучууд театрт боллоо. Нээлтийн үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд “Мэргэжлээ сонгоно гэдэг бол зөвхөн тухайн хүүхдийн асуудал биш, аав ээж, гэр бүл, орон нутгийн удирдлагуудын анхаарах асуудал…” гэдгийг онцлов.

Энэ хичээлийн жилд манай аймагт 1437 сурагч ахлах ангиа төгсөж ирээдүйн мэргэжлээ сонгох амьдралынхаа анхны чухал алхмыг хийнэ.

“Ухаалаг ирээдүй” төслөөр Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдүгээр зэрэглэлийн Мэргэжлийн сонирхол, карьерын чиг баримжааг  үнэлэх тестэд Дархан-Уул аймгийн ЕБС-ын 12 дугаар ангийн нийт  төгсөгчдийг хамруулж байна. Энэхүү тест нь 53 евро буюу 120 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд аймгийн ЗДТГ-аас төгсөх ангийн сурагчдыг ирээдүйн мэргэжлээ зөв сонгох, өөртөө болон эх орондоо ухаалаг ирээдүйг бүтээх боломжийг нээж өгөх зорилготойгоор үнэ төлбөргүйгээр хамрагдах боломжийг олгож байгаа юм. Иймд сурагчид, эцэг эхчүүд ач холбогдол өгөн дээрх тестийн асуулгад хамрагдахыг уриалж байна.

Уг тестэнд хамрагдсан сурагчдын үнэлгээний дүгнэлт, зөвлөмж 5 дугаар сарын 9-ний өдөр гарна гэсэн мэдээллийг “Юнайтед менежмент консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ерөө өглөө.

Төслийн хүрээнд “Юнайтед менежмент консалтинг” ХХК-ийн лидерүүд  Эерэг хандлага, Зорилготой хүн, Хүчирхэг үнэт зүйлс, Ухаалаг ирээдүй ухаалаг сонголтоос эхэлнэ зэрэг сэдэвт илтгэлүүдийг тавив. Түүнчлэн  аймгийн Засаг дарга А.Энхболд, Залуучуудын өвлийн II олимпийн аварга Б.Сумъяа, Их Засаг ОУИС-ийн ТУЗ-ын дарга,  Монголын Рояаль академийн ерөнхийлөгч Н.Учрал, JCI лидер, Positive mind төслийн удирдагч Н.Энхбаатар нар “1437 Ухаалаг сонголт, 1437 Амжилтын эхлэл” уулзалт ярилцлагыг өрнүүлсэн аж.

Мөн БСШУЯ-ны Боловсролын үнэлгээний төв, Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, МУБИС,  СЭЗДС, Рояаль академи зэрэг их дээд сургуулиудаас танилцуулга, элсэлт авах журам, онцлог зэрэг мэдээллийг өгөв. Энэ нь төгсөх ангийн сурагчдад эргэлзээгээ арилгаж, ирээдүйн мэргэжлээ зөв сонгоход нь ихээхэн ач холбогдолтой болж чадсан гэдгийг сурагчид илэрхийлж байлаа.

эх сурвалж: darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …